Уншиж байна ...

Ш.Энхтөр: Хүүхэд уйлахад нулимс гарахгүй байх нь ханиад томуугаас үүдэн шингэн дутагдсаны хүнд шинж тэмдэг

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ханиад томуугийн үед авах хариу арга хэмжээ болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар Хүүхдийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Ш.Энхтөр дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Томуу, томуу төст өвчин зүгээр нэг уушгины хатгалгааны асуудал биш. Өөрөөр хэлбэл энэ төрлийн өвчний үед зургаан бүлэг, 20 гаруй төрлийн хүндрэл үүсдэг.

Тухайлбал

  • Хамрын үрэвсэл
  • Дунд чихний үрэвсэл
  • Амьсгал дамжуулах зам болон улаан хоолойн үрэвсэл
  • Гуурсан хоолой, гуурсанцрын үрэвсэл
  • Уушгины хатгалгаа болон бусад эрхтэн тогтолцооны хоёрдогч хүндрэл, бичил халдварууд үүсдэг.

Хүндрэл үүссэн нөхцөлд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрдэг. Хамгийн чухал алхам нь эрсдэлт бүлгийн хүн амд амьдралын зохистой хэв маяг, зөв дэглэмийг сахиулах явдал. 

Ингэхийн тулд дааруулахгүй, хүйтэн шингэн уулгахгүй, илчлэг сайтай хоол хүнсээр хангах, өвчилсөн үед нь ердийнхөөс илүү их хэмжээний шингэн уулгах, ажил, амьдралын дэглэмийг зөв баримтлах зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. 

Анхаарах алхам:

Томуу, томуу төст өвчний үед анхаарах алхам бол эмчилгээний дэглэм.

Эмчилгээний ерөнхий дэглэм дотор асаргаа, сувилгаа туйлын чухал. Зөвхөн гэрийн нөхцөлд асаргаа, сувилгаа хийх биш эмнэлэгт хэвтэж байгаа үед сахиур эцэг эхийн үүргийг анхаарах шаардлагатай.

Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээний тухайд онцолж яръя. 

Томуу, томуу төст өвчний үед ихэнх хүн ойр ойрхон өндөр халуурдаг. Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээний зохистой хэрэглээний асуудал туйлын чухлаар хөндөгддөг. 

Парацетамол, ибупрофен гэх мэтчилэн халуун бууруулах, өвдөлт намдаах эм бэлдмэлүүдийг эмчийн зааврын дагуу тунг нь зөв тохируулж өгөх шаардлагатай. 

Эмийн сангуудад ханиад томуугийн эсрэг хэрэглэгддэг олон найрлагатай эм бэлдмэлүүд бий. Тэр бүхэнд парацетамол агуулагддаг. Үүнээс гадна олон найрлагатай эм бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ эм дотроо парацетамол мэтийн халуун бууруулах эмийн найрлагатай.

Ялангуяа тав хүртэлх насны хүүхдэд парацетамолын тун хэтэрвэл маш аюултай.

Тийм учраас халуун бууруулах, өвдөлт намдаах эмийн зохистой хэрэглээнд анхаарахыг зөвлөе. 

Аспириныг томуу, томуу төст өвчний улмаас халуурч байгаа үед хэрэглэхийг хориглоод 20 гаруй жил болж байгаа.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт аспирины тунг хэтрүүлэн хэрэглэх, хэтэрснээс үүдэн элэг, тархи, бөөрний дутагдалд орох, амь нас нь эрсдэх тохиолдол гарлаа. 

Томуу эхэлж байгаа энэ үед халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээнд аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй. 

Томуу, томуу төст өвчний үед амьсгал дамжуулах зам бүхэлдээ үрэвсдэг. Цэр салст их хуримтлагддаг учраас амьсгалын замыг цэвэршүүлэх үйл ажиллагааг сайжруулахад анхаарах хэрэгтэй. 

Цэр салстыг сайн гадагшлуулж чадаагүй үед дорхноо уушгины үрэвсэл болон бусад хүндрэл нөхцөлддөг учраас үүнийг гадагшлуулах нь туйлын чухал.

Бага насны хүүхдүүд насанд хүрэгчтэй харьцуулбал хүч чадал муутай тул цэр салстаа гаргаж чаддаггүй.

Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг унтуулах цагийг угтуулж өгч хэрхэвч болохгүй. 

3-6 сар хүртэлх бага насны хүүхдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэл өгөх нь эсрэг заалттай. 

Шингэн дутлын хордлогыг гэрийн нөхцөлд, эмнэлэгт хэрхэн тайлах вэ?

Шингэн дутал, усгүйжилт гэх нэр томьёог хүмүүс янз бүрээр ойлгодог. Энэ нь зөвхөн гэдэсний халдварт өвчний үед тохиолддоггүй.

Шингэн дутал, усгүйжилт нь амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу, томуу төст өвчний үед үүсдэг. Шингэн дуталд ордог үндсэн дөрвөн бүлэг шалтгаан бий.

  1. Халуурах. Хүүхдийн амьсгалын тоо насанд хүрэгчдийнхээс илүү давтамжтай байдаг. Ханиад томуу хүрсэн үед амьсгалын тоо бүр их олширно. Мөн хөлсөөрөө шингэнээ алдаж байдаг.
  2. Бөөлжиж, суулгах. Зөвхөн гэдэсний халдварт өвчний үед бөөлжиж, суулгах шинж тэмдэг ажиглагдахгүй. Вирус нянгууд ходоод гэдэсний замыг хямрааж байдаг. Түүнчлэн томуу, томуу төст өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэж байгаа зарим эм бэлдмэл ходоод гэдсийг тодорхой хэмжээнд хямраадаг.
  3. Хүндрэлийн үед хоол ундандаа дургүй болох шинж тэмдэг илэрдэг учраас аяндаа шингэн дуталд ордог. Энэ нь бодит хэрэгцээгээ нөхөж авах боломжийг багасгаж байдаг.
  4. Вирусээс үүдэн хүний бие хорддог. 

Энэ дөрвөн бүлэг шалтгааны улмаас шингэний дуталд ордог юм байна. Шингэн дутагдсан хүүхдүүдэд илрэх амин чухал шинж тэмдгүүд байгаа. Үүнийг иргэд мэдэх нь зүйтэй. 

Шингэн дутагдаж буй шинж тэмдэг: 

  • Уруул ам хатаж, хуурайших, хэл уруул улаан болох шинж хамгийн эхэнд ажиглагдана.
  • Та бүхэн хүүхдээ ажиглаж харвал хэл нь өнгөртөж, хөхлөг нь улайж тодорсон байдаг. Арьс хуурайшиж эрээнтэж, цонхийж цайна, хөхөрнө.

Шингэн дутагдаж эхэлсэн эхний үед хүүхдэд ам цангах шинж илэрдэг бол сүүлдээ ам цангаж байгаа нь ч мэдэгдэхээ больдог. Энэ бол аюултай шинж.

Хүүхэд уйлахад нулимсгүй болох асуудал нь үнэхээр хүнд байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл уйлахад нулимс гарахгүй бол эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

  • Хүүхдийн нүдний аяга хонхойх, зулай хонхойх шинж тэмдэг бий. Цочромтгой тайван бус болж улмаар идэж ууж чадахгүй байх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөе. 

Шингэнийг бага багаар ойр ойрхон өгөх хэрэгтэй. "Уйгагүй өг" гэдэг нь 5-10 минут тутам бага багаар шингэн өгөх хэрэгтэй гэсэн зарчим юм.

Мөн энэ үеэр агаарын бохирдол ханиад томуугийн дэгдэлтэд нөлөөлж буй асуудлаарх сэтгүүлчийн асуултад Анагаах ухааны доктор Ш.Энхтөр дараах хариултыг хэллээ. 



Тэрбээр "Агаарын бохирдол өвчинд нөлөөлж байгаа хүчин зүйл мөн үү гэвэл мөн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Үүнийг ярьдаг хүмүүс нь ярих хэрэгтэй. Нийгэмд бий болсон, олон жилээр хуримтлагдсан асуудлын дарамт эрүүл мэндийн салбарт ирж байгаа" гэлээ.