Ардчилсан Намын /АН/ Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр болж, АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэх болон дүрмийн асуудлыг хэлэлцсэн билээ.
Үүнтэй холбогдуулан тус намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр 11:40 цагаас оройн 18:00 цаг хүртэлх хугацаанд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж авна. Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмээр баталсан намын даргыг сонгох журмын дагуу сонгууль зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна.
Холбогдох журамд заасны дагуу намын төлөөллийн байгууллага буюу Үндэсний бодлогын байнгын хороонд сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. АН-ын даргыг сонгох сонгууль нь түүхэн хариуцлагатай, асар эгзэгтэй цаг үед болж байна.
Улс төрийн сонгуульд гурав дараалан ялалт байгуулаагүй учраас бид эв нэгдлээс институц гэсэн зарчмын хүрээнд ажилласан. Дараагийн улс төрийн сонгуульд иргэд олон нийтийн дэмжлэгийг авч, хүндэрсэн эдийн засагт сэргэлт авч ирэх хүчирхэг институц болохын төлөө ажиллана.
Өмнөх намын даргын сонгууль өөр, өөр дүрмээр зохиогдож байсан. Энэ удаагийн сонгууль нь Үндэсний бодлогын хорооноос намын даргаа сонгохоор явагдаж байна. Үндэсний бодлогын хорооны 390 гишүүн намын даргын асуудлыг шийднэ гэсэн үг. Нийгэмд ямар ч цуурхал явж байж болно. Бид нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулна.
Өнөөдөр 18:00 цаг хүртэл нэр дэвшигч материалаа өгсний дараа журмын дагуу шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаж, нэр дэвшигчийн мандат олгоно. Ийнхүү наймдугаар сарын 31-ний өдөр Үндэсний бодлогын хороо үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар товлосон.
Бид бүх хурал, шийдвэрээ аудио болон видео хэлбэрээр баталгаажуулж байгаа. 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан намын даргыг сонгох журмын шаардлага хангасан ямар ч нэр дэвшигч АН-ын даргад өрсөлдөх боломжтой.
Шаардлага хангасан нэр дэвшигч өөрийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний бодлогын хороонд танилцуулж өрсөлдөнө. Ялалт байгуулсан нэр дэвшигчийг намын их хурлаар батламжилна. Олон нэр дэвшигч гарсан тохиолдолд дийлэнх олонхын санал аваагүй нь хасагдаж, 10-аас дээш хувийн санал авсан нь дараагийн шатанд өрсөлдөх зохицуулалт бий" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!