Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргад нэр дэвшигч ҮБХ-нд 4 жил харьяалагдсан байх шаардлага тавигдсанаар Ч.Лодойсамбуу, Б.Мөнхбаясгалан нар өрсөлдөх боломжгүй болов

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. АН-ын ҮБХ нь 360 гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээр гишүүдийн саналаар намын Үндсэн дүрмийг шинэчилж, даргаа сонгох журамтай.

ҮБХ-ны хурал эхэлж хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа намын даргыг сонгох журмыг баталсан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дүрмийн дагуу сонгуулийг явуулахаар болсон. Уг дүрмээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр дөрвөн жил ажилласан хүн намын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй. Тиймээс намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан Б.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нарын гишүүд энэхүү сунгаанаас хасагдаж байгаа аж. 

Үндэсний бодлогын хорооны зарим гишүүний байр суурийг товчлон хүргэж байна.

С.Баярцогт: АН-ын дарга парламентын гишүүдээс байх ёстой. Би нэр дэвшихгүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт: АН үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдсан байсан. Энэ хуваагдал 2023 онд алга болсон. Түүнээс хойш бага багаар илааршиж байна. Анхны таван намаас үүсэлтэй фракцууд байхгүй болсон. Насны онцлог, сонирхлоороо нийлсэн фракцууд байсан бол одоо илүү үзэл санаанд суурилсан фракц болж хувирсан. Одоо бол АН-д фракцын шинжтэй том зөрчил байхгүй.

Хувь хүнд болон ямар нэгэн үйл явдалд зориулж намын дүрмийг өөрчилж болохгүй. Аливаа асуудал мерит зарчимд суурилах ёстой. Дөнгөж намд орж ирж, дөнгөж ҮБХ-ны гишүүн болчхоод намын дарга болно гэж болохгүй. Бүх нам институц болон төлөвших ёстой.

Гэтэл тухайн тохиолдол бүрд асуудлыг шийдэх гэж дүрэм, журмаа өөрчлөөд байвал энэ нам институц болж төлөвшиж чадахгүй. Нөгөө л нүүдэлчний сэтгэлгээгээр тухай бүрд нь асуудлаа шийдээд явдаг байдал маань биднийг улс төрийн намын хувьд төлөвшүүлж чадахгүй байгаа нэг хүчин зүйл юм.

Бид 2023 онд намын даргад нэр дэвшиж байсан. Яагаад гэвэл тэр үед манай нам тэр үед УИХ-д есхөн суудалтай. Тэр ес маань хоёр хуваагдаж, манлайлал үзүүлэхэд хүнд байсан. Тиймээс намын даргад нэрээ дэвшүүлж байлаа. Одоо бол манай нам 42 суудалтай, нийт сонгогчдын 50 шахам хувийн саналыг авсан нам. Тиймээс намын дарга нь парламентын гишүүд дундаас байх ёстой гэдэг байр суурьтай байгаа болохоор намын даргад өрсөлдөхгүй.

Л.Гантөмөр: Ямар ч байсан намаа хуваагаагүй, алдаж асгасангүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын дарга Л.Гантөмөр: Өнөөдрийн ҮБХ-ны хурал дээр би намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор тавина.

Өнөөдөр аль ч судалгаагаар АН нэгдүгээрт байгаа. Өөрөөр хэлбэл, эрх барьж буй МАН-аас ретингээрээ дээр нь байна. Би сонгуулийн өмнө ретинг нь 5 хувьтай нам хүлээж авсан. Өнөөдөр эрх баригч намаас илүү гарсан ретингтэй намыг хүлээлгэж өгч байна. Сайн, мууг түүх дүгнэнэ. Ямар ч байсан намаа хуваагаагүй, алдаж асгасангүй.

Намын даргад тавигдах шаардлагыг өөрчлөх эрх нь энэ хурлын гишүүдэд байгаа.

Ж.Баярмаа: Сөрөг хүчний ажлыг хэн хийж чадаж байна вэ гэдгийг сонгогчид харсан байх

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын гишүүн Ж.Баярмаа: Монголд асуудлууд огт шийдэгдээгүй харин ч уруудах тийшээ явж байна. Ажилгүйдэл, түгжрэл, утаа буурахгүй, ард түмний амьдрал сайжрахгүй байна. Улс төрчид өөрсдөө авлигад идэгдсэн, хулгай луйвар хийж байна. Тэр улс төрчдийг бойжуулж байгаа институц нь нам. Тэгэхээр бүх асуудал улс төрийн намд байна.

Тиймээс улс төрийн намын дотоод ардчилалтай, ёс суртахуунтай, үзэл баримтлалынхаа хүрээнд ажилладаг, тэмцдэг улс төрчид улс төрийн намыг авч явах ёстой гэж бодож байна. Би өөрийгөө эдгээр шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн учраас намын даргад нэрээ дэвшүүлж байгаа.

Сөрөг хүчний ажлыг хэн хийх вэ, хэн хийж чадаж байна вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд ард иргэд, сонгогчид харсан байх.

Б.Мөнхбаясгалан: АН-ын даргыг сонголоо гэдэг драм явах гэж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын гишүүн Б.Мөнхбаясгалан: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ тав хоногийн өмнө зарласан. Тав хоногийн турш Монголд над шиг муухай хүн байсангүй. Зохион байгуулалттай, асар их мөнгө цутгалаа. Гэхдээ би ийм юманд нугарахгүй. Хүнийг хүний олон барьдаггүй юм.

Хайрцаглагдсан ҮБХ-гоор намын даргаа сонгоно гэж байна. Энэ нь намын дүрмийг зөрчинө. Ингээд шүүх бүртгэхгүй, 2-3 тамгатай болно.

Энэ ҮБХ-ны хугацаа нь 2022 онд дууссан, 160-аад сум даргагүй байна. Мөн 15 аймаг, найман дүүрэг ялагдсан. Даргагүй байгаа. Ийм нөхцөлд АН-ын даргыг сонголоо гэдэг драм явах гэж байна. Ийм жүжгээ болих хэрэгтэй.

Монголд ганцхан төрлийн бизнес байдаг. Тэр нь уул уурхай. Үе үеийн намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар Эрдэнэтийн зэс дээр квот авдаг. Оюутолгойгоос авлига авдаг. Тавантолгойгоос юу авахаа шийддэг.

Би намын даргад нэрээ дэвшүүлснээр юу өөрчлөх гэсэн бэ гэвэл, намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалддаг дээр нь эргэлт хийх гэсэн юм. Үүнд л дургүй байгаа юм байна.

Би АН-ын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна. Гэтэл одоо зөвхөн ҮБХ шийдэх гэж байна. Үүнийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч болохгүй.

Ч.Лодойсамбуу: Ямар ч дарга сонгогдсон бай би мэддэг, чаддагаа зориулж, Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын төлөө нэгдэнэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу: ҮБХ-нд дөрвөн жил ажиллагаагүй хүн АН-ын даргад нэр дэвших боломжгүй болж байна. Тэгэхээр Б.Мөнхбаясгалан гишүүн бид хоёр нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Энэ журамд өөрчлөлт оруулах санал гарсангүй. Тэгэхээр энэ журмыг хүндлээд явна. Улс төрийн намын зорилго ялалт. Тиймээс өнөөдрийг хүртэл эвлэрэх гэж ядаж байгаа намыг дотроос нь янз бүрийн асуудал гаргаж ирээд хуваагаад гүйгээд байх сонирхол алга.

Өнгөрсөн хугацаанд тал тал тийшээ хараад суучихсан хүмүүсийг нэгтгэхийн төлөө Л.Гантөмөр дарга ямар их хичээл зүтгэл гаргаж байсныг мэдэх учраас “Намайг намын даргад дэвшүүлсэнгүй” гэдэг зүйл хэлмээргүй байна. Бид хичээж зүтгэж байгаад намын шинэ дүрмээ бүртгүүлэх ёстой.

Ямар ч дарга сонгогдсон бай би мэддэг, чаддагаа зориулж, Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын төлөө явах болно. Ялалт байгуулж байж л Монголын төр төр шиг болно. Монголын нийгэм ядаргаа зүдэргээнээсээ салах болно. Энэ бол миний итгэл үнэмшил.