Дуучин, рэппэр Psy-ийг эмнэлэгт биечлэн үзүүлэлгүйгээр сэтгэцэд нөлөөлөх эмийг гуравдагч этгээдээр дамжуулан худалдаж авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаагийн газар Пүрэв гарагт мэдээлжээ.
Энэ нь тус улсын эмийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм байна.
Жинхэнэ нэр нь Пак Жэ Сан болох Psy жороор олгодог эмийг эмчид үзүүлэлгүйгээр худалдан авахдаа өөрийн менежэр зэрэг бусад хүмүүсийг ашигласан гэгдэж байгаа юм байна.
Тэрбээр 2022 оноос хойш саяхныг хүртэл Сөүлийн нэгэн их сургуулийн эмнэлгээс ийм аргаар Xanax, Stilnox гэх сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг худалдан авч байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Одоо Өмнөд Солонгост мөрдөгдөж байгаа эмийн тухай хуулиар ийм эмүүдийг гуравдагч этгээдээр дамжуулан худалдаж авахыг хориглодог юм байна.
Xanax, Stilnox нь нойрны эмгэг, айдас, сэтгэлийн хямралыг эмчлэхэд ашиглагддаг. Эдгээр нь донтолт, хамааралтай байдалд хүргэж болдог тул заавал өөрийн биеэр эмчид үзүүлж, зааврын дагуу хэрэглэх хуультай ажээ.
Psy-ийн харьяалагддаг P Nation агентлагаас өчигдөр гаргасан мэдэгдэлд дуучин нойр дутагдлын архаг эмгэгтэй тул эмчийн зааврын дагуу дээрх эмүүдийг хэрэглэдэг болохыг баталсан байна.
Ингэхдээ зарим тохиолдолд алдаа гаргасан буруутайг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!