Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгт нь ойрхон ирсэн АНУ-ын байлдааны хөлгүүд Венесуэлийг эзэлж чадахгүйг Мадуро анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Латин Америкийн хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагааны хүрээнд АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Карибын тэнгисийн өмнөд хэсэгт, Венесуэлийн эргээс холгүй газарт ирж байрлаад байгаа.

Үүнтэй холбогдуулан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр хэлэхдээ тэдгээрийг нутаг дэвсгэрт нь нэвтрэх ямар ч боломж байхгүй, тус улс тусгаар тогтнолоо хамгаалахад маш сайн бэлтгэгдсэн болохыг анхааруулжээ.

“Өнөөдөр бид өчигдрөөс илүү хүчтэй байгаа. Өнөөдөр бид энх тайван, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахад илүү бэлтгэлтэй байгаа” гэж Мадуро цэргүүдтэй уулзахдаа хэлснийг Венесуэлийн төв хэвлэл мэдээлсэн байна.

НҮБ дахь Венесуэлийн элч Самуэл Монкада үүнээс өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзахдаа АНУ-ын явуулж буй ажиллагааг эсэргүүцэж байгааг илэрхийлсэн юм.

Уулзалтын дараа Монкада “Тэд цөмийн шумбагч хөлөг илгээснээ ярьж байна. Ийм хөлгөөр хар тамхины наймаатай тэмцэж байгаа гэж ярих нь инээдтэй хэрэг юм” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Пүрэв гарагийн өглөө АНУ-ын тэнгисийн хүчний адмирал Дэрил Клод тус улсын байлдааны хөлгүүд Өмнөд Америкийн усан хилд ирж байрласныг баталсан юм. Үүнийг Венесуэлийн зарим иргэд хар тамхины томоохон ажиллагаанд оролцож байж болзошгүй гэсэн үндэслэлээр тайлбарлажээ.

АНУ-ын байлдааны долоон хөлөг, цөмийн хөдөлгүүртэй нэг шумбагч хөлөг ирэх долоо хоногийн турш Карибын тэнгисийн өмнөд хэсэгт байрлахыг Вашингтоны нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Дээрх хөлгүүд дээр 2,200 тэнгисийн явган цэргийг оролцуулаад АНУ-ын нийт 4,500 цэргийн алба хаагч байгаа гэсэн мэдээлэл бий.

Трампын засаг захиргаа Мадуро болон түүний тойрон хүрээлэгсдийг кокайны наймаанд холбоотой гэж буруутгасны дараа ийм арга хэмжээ авсан юм.

Венесуэлийн тал үүний хариуд мөн байлдааны хөлгүүдээ хөдөлгөж, эргийн хамгаалалтаа чангатгаад байна.

Үүнээс гадна Каракасын эрх баригчид бас хар тамхины наймаа, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор хөрш Колумбын хил рүү 15,000 цэрэг илгээжээ.

Өчигдөр ярихдаа Мадуро ижил арга хэмжээ авч, хоёр улсын хил рүү 25,000 цэрэг илгээсэн Колумбын эрх баригчдад талархал илэрхийлсэн байна.

Энэ оны эхээр Трамп хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийг АНУ-ын “террорист байгууллага”-ын жагсаалтад нэмэхдээ Венесуэлийн кокайны бүлэглэл Картел де лос Солесыг оруулсан юм.

Трамп тус байгууллагыг удирддаг гэж Мадурог буруутгаад түүний толгойг $50 саяар үнэлж байв.

Харин Мадуро үүнийг нь Венесуэлд төрийн эргэлт зохион байгуулах санаархал хэмээн шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: Reuters