"Улсад 40 жил ажиллаж, Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) төлсөн эмчийн тэтгэвэр 550,000 төгрөгөөр тогтжээ. Харин НДШ огт төлөөгүй малчны тэтгэвэр 350,000 төгрөгөөр тогтоод, сүүлд доод хэмжээг 500,000 төгрөг болгоход дагаад 500,000 төгрөг болсон. Эмчийн тэтгэвэр 550,000 төгрөг хэвээрээ" хэмээн профессор С.Бямбахорлоо илтгэлийнхээ үеэр жишээ татав.
Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС)-ийн Ахисан түвшний сургуулийн профессор тэрбээр өнөөдөр болсон "Эдийн засгийн хөгжлийн зөвлөл"-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний бага хуралд "Нийгмийн даатгалын шимтгэл: Тулгамдаж буй асуудлууд" сэдэвт илтгэл танилцуулах үеэрээ одоогийн нийгмийн даатгалын тогтолцооны бодит байдлыг ийнхүү жишээлэн ярьсан юм.
Энэ мэт тогтолцооны гажуудлыг нэг, хоёр удаад хуулийн заалтыг өөрчилснөөр шийдэх ямар ч боломжгүй тул реформ хийх шаардлагатай гэж тэрбээр үзэж байна.
Мөн тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого гэдэгт бүх төрлийн орлого орж байна. Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ) авахааргүй юм байхад ч НДШ авдаг. Бүх төрлийн цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, хөлсөөр ажиллах гэрээний хөлс, ажил гүйцэтгэх гэрээний хөлс гээд бүгдээс нь НДШ тооцдог.
Илтгэл өндөрлөсний дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
- Нийгмийн даатгалын шинэчлэл нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн хүлээлт үүсгэж байна. Та салбар салбарын байгууллагуудад НДШ хэр хэмжээний ачаалал үүсгэж байгаа талаар судалсан гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлж ярина уу. НДШ нь байгууллагуудын зардалд хэр жин эзэлж байна вэ?
- НДШ нь өөрөө татвар болчихсон. Бүх төрлийн орлогоос аваад байна. Ажил олгогчоос ямар нэг таазгүйгээр цалингийн зардал өсөх бүрд 12.5-14.5 хувийг шимтгэл авч байгааг эргэн харах шаардлагатай. Мөн НДШ нь боловсрол, эрүүл мэнд зэрэг хөдөлмөр, цалин голлодог салбаруудад нийт зардлынх нь зургаагаас дээш хувийг эзэлж байгаа. Байгууллагын зардлын зургаан хувь нь зөвхөн НДШ-д явж байна гэхээр оршин тогтноход нь хүндээр тусдаг. Ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдэд бэрх.
Түүнчлэн НДШ-ийн өр үүсээд ирэхээр дансыг нь хаах, тендерт оролцуулахгүй гэх мэтээр байгууллагын бие даасан байдалд халддаг.
Энэ байдлаас гарахын тулд зоригтойгоор реформ хийхгүй бол Нийгмийн даатгалын тухай хуулийг өөрчилснөөрөө дорвитой шийдэгдэхгүй. НДС-гийн 70 хувийг хөдөлмөрийн насны хүмүүсийн 30 хувь л бүрдүүлж байгаа. Өндөр цалин авч байвал шатлалаараа өндөр шимтгэл авна гээд хийж бүтээж буй хэдийгээ торгож байгаа юм шиг байвал хэн Монголд ажиллахыг хүсэх вэ. Ийм л байдалд орох гээд байна. Тиймээс НДШ төлөгчдийн цар хүрээг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой.
- Реформыг юунаас эхлэх вэ?
- Хуучин системээрээ явж байгаа хүмүүсээ хохироож болохгүй. Хуучин систем нь байдгаараа байгаад шинэ системийг сонголттой болгох хэрэгтэй.
- Өндөс насны тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн 50 орчим хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгодог. Үүнийг шударга бус байдлын нэг илрэл гэж ярих нь байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
- Улсынхаа хилийг манаж, иргэдийнхээ төлөө зүтгэсэн гээд уянгын халилаар цэргийн алба хаагчдаа харвал зөв л байх. Гэхдээ тэд нар бараг 40 настайдаа тэтгэвэр гарч, 75 хувиар тэтгэврээ тогтоолгодог. Бага шимтгэл төлөөд, өндөр тэтгэвэртэй. Зөвхөн цэргийн албаныхан гэлтгүй малчид гэж том асуудал байгаа. НДС яагаад хүрэлцдэггүй вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн даатгалын орлогын 70 хувийг хөдөлмөрийн насныхны 30 хувь л бүрдүүлдэг. Өндөр цалинтайгаас нь ихийг аваад төлөөгүй хүмүүст хуваарилдаг энэ системийг болих хэрэгтэй.
Хоёрдугаарт албан журмын даатгалд тогтмол хэмжээгээр нь авах менежментийг нь хэрэгжүүлээд цаашид хувийн секторт тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал авах боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Хууль нь байгаа ч ийм өндөр шимтгэл төлчхөөр дахин хувийн байгууллагад тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй шүү дээ.
- 2018 оноос хойш жил тутамд тэтгэврийн нас гурван сараар хойшилж байгаа. Энэ хэр оновчтой шийдэл байсан бэ?
- Уг нь жил тутамд зургаан сараар нэмэх тооцоолол гарсан байсан. Гэхдээ олон нийтийн бодлыг харгалзаад гурван сар гэж тогтоосон байх. Сан бүрдүүлэлтийн тал дээр иймэрхүү шийдвэрүүд нь дампуурал руу хөтөлдөг. Нийгмийн даатгал гэдэг бол хүмүүсийн ирээдүйн эрсдэлийг хаах, нийгэм, эдийн засаг, санхүүгийн чадамжийг хадгалах гол зүйл нь. Хүн бүрд хамааралтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!