Пүрэв гарагийн шөнө Украины нийслэл Киев хот энэ сарын хамгийн том агаарын цохилтод өртжээ
Энэ шөнө Оросын талаас бараг 600 нисгэгчгүй онгоц, 30 гаруй баллистик пуужингаар довтолсны улмаас 21 хүн алагдсаны дөрөв нь хүүхдүүд байсныг Украины эрх баригчид мэдээлсэн байна.
Амь үрэгдэгсдийн ихэнх нь пуужингийн цохилтод өртөж нурсан Киев хотын зүүн өмнөд Дарницкий дүүргийн таван давхар орон сууцны оршин суугчид байжээ.
Алагдсан хүүхдүүдийн хамгийн бага нь хоёр настай байсныг мэдээлсэн байна.
Оросын агаарын довтолгоонд хоорондоо ойрхон оршдог Европын Холбооны төлөөлөгчийн газар, Их Британийн консулын газрын байрууд бас гэмтжээ.
“Хоёр пуужин 20 секундийн дотор хоорондоо 50 метрийн зайтай туссан байна” гэж Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен энэ талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдэлдээ уг халдлага нь Орос улс “Украиныг айлган сүрдүүлэхийн тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийг алж хядаж, бүр гадаадын элч төлөөлөгчийн газрыг онилохоос ч буцахгүй байгааг харууллаа” хэмээн шүүмжилсэн юм.
Энэхүү довтолгоо нь дайныг зогсоох зорилготой АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын хичээл зүтгэлийг үл тоомсорлосон хэрэг болжээ.
Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер “энх тайван тогтоох итгэл найдварыг эвдэж байна” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг буруутгасан бол Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас уг халдлагыг “нөхцөл байдлыг санаатай хурцатгаж, энх тайвны хүчин чармайлтыг доромжилсон үйлдэл” гэж тодорхойлсон байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “яриа хэлэлцээний ширээний оронд баллистик пуужинг сонголоо” хэмээн Москвагийн эрх баригчдыг шүүмжлээд ОХУ-ын эсрэг “шинэ, хатуу хориг арга хэмжээ” авахыг холбоотнууддаа уриалжээ.
АНУ-ын тусгай элч Кит Кэллог орон сууцны хорооллыг чиглэсэн “аймшигтай халдлага” нь ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй энх тайванч санаачилгад заналхийлсэн үйлдэл болохыг анхааруулсан байна.
Германы канцлер Фридрих Мерц мэдэгдэлдээ Орос улс “үнэн нүүр царайгаа дахин харууллаа” гэж хэлээд Европын Холбооны төлөөлөгчийн газар халдлагад өртсөн нь Кремлийн “увайгүй байдал улам бүр нэмэгдэж буйн илрэл юм” гэж дүгнэжээ.
Болсон явдалтай холбогдуулан Брюссель болон Лондонд суугаа ОХУ-ын элчин сайдын яамдад Европын Холбоо, Их Британи улс эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Оросын эсрэг Европын Холбооны 19 дэх ээлжийн багц хориг арга хэмжээг бэлдэж байгаагаа мэдэгдсэн Урсула фон дер Ляйен ойрын өдрүүдэд ОХУ, түүний холбоотон Беларусь улстай хил залгадаг долоон гишүүн орноороо айлчлах гэж байгааг өчигдөр зарлажээ.
Тухайлбал тэр өнөөдөр буюу Баасан гарагт Латви, Финланд улсуудад, дараа нь Эстони, Польш, Болгар, Литва, Румын улсуудад айлчлахаар болсон байна.
Өнөөдөр бас АНУ-ын албаныхан Нью-Йорк хотод Украины засгийн газрын төлөөлөгчидтэй тус улсын аюулгүй байдлын баталгааг хангах цэрэг, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийн талаар хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!