Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийг картелын эсрэг тэмцэлд оролцуулах тухай маргааны үеэр Мексикийн парламентын гишүүд зодолджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Мексикийн парламентын танхимд зодоон гарсан нь АНУ-ын цэргийн хүчийг хар тамхины картелуудын эсрэг тэмцэлд ашиглахтай холбоотой маргаанаас болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Латин Америкийн хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тухай мэдээ тараад байгаа.

Тэрбээр энэ оны эхээр ийм бүлэглэлүүдийг АНУ-ын засаг захиргааны “террорист байгууллага” жагсаалтад бүртгэх шийдвэр гаргасан юм.

АНУ-д хар тамхи нэвтрүүлэх ихэнх ажиллагаа нутаг дэвсгэрт нь үйлдэгддэг Мексик улсын хувьд энэ асуудал нэлээд маргаан дагуулаад байгаа.

Энэ долоо хоногийн эхээр Мексикийн сөрөг хүчний Пан намын нэг төлөөлөгч Fox News сувагт өгсөн ярилцлагадаа “Мексикийн картелуудтай хийх тэмцэлд АНУ-аас үзүүлэх тусламжийг талахан хүлээж авах болно” гэж хэлсэн юм.

Уг мэдэгдэл тус улсын эрх баригч Морена нам болон түүний холбоотнуудыг нэлээд бухимдуулжээ.

Лхагва гарагийн чуулганы үеэр сөрөг хүчний ПРИ (Үндсэн Хуулийн Хувьсгалт Нам) намын тэргүүн Алехандро Морено, эрх баригч Морена намын бүлгийн дарга Херардо Фернандес Норона нар нударга зөрүүлсэн юм.

Зодооны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Норона “Тэр намайг өдөөн хатгаж, биед хүрч, түлхэж эхэлсэн. Дараа нь миний гарыг цохиод ‘чамайг ална’ гэж сүрдүүлсэн” гэж ярьжээ.

Харин Морено сошиал хуудсаараа “Норона түрүүлж хөдлөхдөө юу хийж байгаагаа мэдэж байсан. Би Мексикийг хамгаалахын төлөө юунаас ч айлгүйгээр тэмцэхэд үргэлж бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Мексикийн сенатын спикер өнөөдөр буюу Баасан гарагт дээрх үйл явдалтай холбогдуулан шуурхай чуулган зарлажээ.

Уг чуулганаар тэр Морено болон ПРИ намын гурван хууль тогтоогчийг хөөх асуудал оруулж, хэлэлцүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Associated Press