Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Португалийн ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трампыг “Зөвлөлтийн болон Оросын тагнуул” гэж нэрлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Португалийн ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соза саяхан тус улсын Каштелу-ди-Виде хотод болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ АНУ-ын засаг захиргааг Оросын бодлогыг дэмжигч, ерөнхийлөгч Дональд Трампыг “Зөвлөлтийн болон Оросын тагнуул” гэж нэрлэжээ.

Ингэхдээ тэр Вашингтоны эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар байнга сүрдүүлдэг ч үүнийгээ бодит амьдрал дээр хэзээ ч хэрэгжүүлж байгаагүйг жишээ болгон дурдсан байна.

Португалийн удирдагч бас Украины дайныг зогсоох яриа хэлэлцээ явуулж буй Трампын арга барилыг шүүмжилжээ. Тухайлбал тэр Трамп зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээхдээ бусадтай хамтрахгүй, ганцаар хэрэгжүүлж байгааг нь шүүмжлээд Европын улсууд, Украиныг энэхүү үйл явцад оролцуулах ёстойг сануулсан байна.

Соза үүнийг бас Европын эрх баригчид АНУ-ын сүүлийн сонгуулийн дараа Трамп болон Трампизмын хүчин зүйлийг дутуу үнэлснээс болсон гэж шүүмжилжээ.

Үнэхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоох хүчин чармайлт гаргахдаа Оросын талд үзүүлэх дарамт шахалтаа хэрэгжүүлж чадахгүй байгаа.

Долдугаар сарын дундуур тэр эхлүүлсэн дайнаа зогсоох 50 хоногийн хугацааг Оросын эрх баригчдад өгч байсан бол сарын сүүлээр үүнийгээ 10 хоног болгон богиносгосон.

Дараа нь наймдугаар сард тэр “нэг юм уу хоёр долоо хоног” гэсэн хугацааг хэлж байв.

Хамгийн сүүлд Трамп наймдугаар сарын 21-нд энхийн яриа хэлэлцээнд хоёр долоо хоногийн дотор ахиц дэвшил гарахгүй бол Оростой харилцах “тактикаа өөрчилнө” хэмээн сүрдүүлж байлаа.

Наймдугаар сарын 27-нд тэр үйл явц ахицгүй байвал “Орос, Украины аль алинд нь маш их хохиролтой хориг арга хэмжээ” авахад бэлэн байгаагаа дахин нотолсон юм.

Өмнө нь амласан хориг арга хэмжээнүүд яагаад хэрэгжихгүй байгааг асуухад Вашингтоны албаны хүн  “дипломат харилцааны орон зайгаа хадгалах” шаардлагатай холбон тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Euronews