Сингапурын эрх баригчид электрон тамхины хэрэглээтэй тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, илүү хатуу шийтгэл оноодог болж буйг өчигдөр зарлажээ.
Тус улс 2018 онд электрон тамхийг хориглосон дэлхийн анхны улсуудын нэг болж байв.
Гэсэн хэдий ч сүүлийн үед хэрэглээ нь тасралтгүй нэмэгдэх болсон тул ийм арга хэмжээ авахаар болжээ.
Ялангуяа “Kpods” төрлийн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь Сингапурын эрх баригчдын санааг зовоож байгаа юм байна.
Kpods нь “ketamin pods” гэсэн үгийн товчлол бөгөөд сэтгэцэд нөлөөлдөг кетамин бодистой төстэй үйлчилгээтэйг илэрхийлж байгаа юм.
Өнгөрсөн долдугаар сард хүмүүсээс хураан авсан 100 тамхинаас санамсаргүй түүврийн аргаар дээж авч шинжлэхэд гуравны нэг нь “Kpods” төрлийнх байжээ.
Өчигдөр Сингапурын эрүүл мэндийн сайд Он Йэ Кун электрон тамхи нь “илүү ноцтой бодисыг хэтрүүлэн хэрэглэх гарц”, бусад мансууруулах төрлийн бодисуудыг түгээх төхөөрөмж болж буй тул шийтгэлийг чангатгаж байгааг тайлбарласан байна.
Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх журмын дагуу электрон тамхи хэрэглэсэн болон хадгалсан хүмүүсийг 500 сингапур доллароос ($390) эхлэх торгуулиар шийтгэж, албадан эмчилгээнд хамруулахаар болжээ.
Электрон тамхинаас нь мансууруулах төрлийн бодис илэрсэн бол торгуулийн хэмжээ эрс нэмэгдэх юм байна.
Мөн “Kpods” төрлийн тамхи зарсан хүмүүст 20 хүртэл жилийн хорих ял, 15 удаа саваадах шийтгэлийг давхар оноохоор болжээ.
Сингапурт амьдарч байгаа гадаадын иргэдэд дээрх шийтгэлээс гадна албадан буцаах, тус улсад дахин нэвтрэхийг хориглох шийтгэл нэмэгдэх гэнэ.
Гадаадын жуулчдыг Сингапурт ирэхэд нь электрон тамхи илэрвэл ямар нэг торгууль шийтгэлгүйгээр хурааж авахаар болжээ.
Сингапурын олон улсын нисэх буудал Чанги даяар электрон тамхины хэрэглээг хориглосон тухай сануулга байрлуулахаар болсон байна.
Хар тамхины эсрэг хамгийн хатуу хуультай орнуудын нэг Сингапурын эрх баригчид одоо электрон тамхи болон түүгээр дамжин түгээгдэх боломжтой бусад мансууруулах бодисын эсрэг хууль гаргахаар ажиллаж байгаа бөгөөд дээрх журам нь хуультай болох хүртэл авч хэрэгжүүлж буй түр зуурын арга хэмжээ юм.
Дэлхийн улс орнууд мөн электрон тамхитай тэмцэх арга хэмжээгээ чангатгаж эхлээд байгаа.
Энэ оны нэгдүгээр сард Бельги улс, зургаадугаар сард Их Британи улс нэг удаагийн хэрэглээний электрон тамхи зарахыг хориглосон.
Австрали улс 2023 онд ижил арга хэмжээ авсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!