Уншиж байна ...

"Бид амьдралынхаа төлөө ажил хийхийн тулд хоёр ой хүрээгүй хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөөд алдчихлаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барсан байна гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байв.

Уг харамсалтай хэргийн шүүх шинжилгээний хариуг өнөөдөр талийгаач хүүгийн гэр бүлийнхэнд танилцуулжээ. Харин гэр бүлийнхэн нь үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, шат шатанд хариуцаж ажилласан бүх хүнд гомдол гаргахаа мэдэгдэв.

Талийгаач хүүгийн ээж "Миний хүү аравдугаар сарын 28-ны өдөр эндсэн. Эмнэлэгт очихдоо л амьсгал хураасан байсан. Багш нь анх манай ээжид уйлаад ярихдаа "Хоолоо идэж байгаад унтсан байхаар нь өлгийдөөд хэвтүүлсэн" гэсэн байсан. Над руу утсаар хэлэхдээ "Ээж нь мөн үү. Хүү чинь унтаад сэрэхдээ царай нь сонин болоод байна" гэсэн л дээ. Би анх хүүхдээ хордлогод орж, гүйлгэсэн байна гэж бодоод эмнэлэгт очсон. Үүнээс хойш 24-25 хонож байна. Удааширсаар байгаад өнөөдөр л шүүх шинжилгээний хариуг танилцууллаа. Гэтэл ямар ч хууч өвчингүй хүүхдийг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай учраас зүрх нь хаагдсан гэдэг дүгнэлт гарсан байна. 

Миний хүүг хатгаатай байж байгаад тэр нь хүндэрч элэг бөөр рүүгээ орж, зүрх судасны өвчин болж, зүрх нь хаагдахад хүргэсэн гэж байгаа юм. Энэ бол ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан нь үнэн, гэхдээ хатгаа болоогүй. Ханиадыг нь эдгээгээд цэцэрлэгт өгсөн. Ямар ч зүрх судасны өвчингүй. Эв эрүүл, сав саруул хүүхэд байсан. Би үнэхээр гомдолтой байна. 

Бид амьдралынхаа төлөө ажил хийж, хүүхдээ сайхан амьдруулахын тулд хоёр ой хүрээгүй хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөөд алдчихлаа. Багш нарт хариуцлага тооцох ёстой байтал ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, хяналтын камер байгаагүй. Тэр өдөр 11-хэн хүүхэд хоёрын хоёр багштай байсан. Яагаад 11-хэн хүүхдийг харж хамгаалж чадаагүй вэ, яагаад хариуцлага алдсан юм бэ. Үнэхээр гомдолтой байна. Шүүх шинжилгээ хийсэн н.Болормаа гэж задлангийн эмч нь яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм бэ. Гаднын нөлөө орсон гэдэгт би итгэлтэй байна. 

Өглөө эрт амжуулах ажилтай байсан учраас би анх удаа 07:00 цагт цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Эв эрүүл, инээгээд багшдаа тэврүүлээд баяртай гээд үлдсэн миний хүүг өдөр эмнэлгээс ярихад маш хэцүү байсан. Би хуульчаас зөвлөгөө авч, задлангийн эмч, мөрдөн байцаагч гээд бүгдэд нь гомдол гаргана. Хүүхдийн амь насны асуудал яригдаж байна. Миний хүүд бүх бурууг чихэх гээд байна. Ямар ч эцэг эх хүүхдээ хамгаалж хайрлахыг хүснэ. Хүүхдийнхээ хэргийн үнэнийг олохыг хүсэж байна" гэв.

"Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуулийн дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар(ШШЕГ)-ыг төлөөлж Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат "Аравдугаар сарын 28-ны өдөр тухайн үйл явдал болсон. Манайхаас шинжээч томилох тогтоол хүлээж аваад шөнө нь нэн даруй шинжилгээ хийсэн. Мөрдөгчийн шинжээч томилох тогтоол дээр арваннэгдүгээр сарын 15-ны шинжилгээний дүгнэлт гаргах хугацааг тогтоосон. Энэ хугацаанд шинжээч дүгнэлтээ гаргасан.

Шинжээч эмч дүгнэлтээ удирдсан даргадаа хянуулдаг. Дарга нь арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хянаад баталгаажуулан Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтэст шинжилгээг хаалгаж, 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрх бүхий этгээд нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан байна. Шинжилгээний хугацаа хэтэрсэн тохиолдол байхгүй. Мөрдөгчийн заасан хугацаанд дүгнэлтийг гаргасан.

Нас барсан тохиолдлын шинжилгээний хариуг хурдан гаргах боломжгүй. Ар гэрийнхэн нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуулийн дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж болно" гэх тайлбарыг өглөө.