Уншиж байна ...

"Туул голын эхэнд 77 бодгаль минжийг нутагшуулсан. Тэдэнтэй таарвал битгий айлгаарай"

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Минж үржүүлэх нутагшуулах төв”-д иргэд зочлох боломжтой тухай товч мэдээлэл Нийслэлийн Байгаль Орчны Газрын цахим хуудаст нийтлэгджээ.

Тэгвэл иргэд тус төвд хэрхэн хандах, Туул голын эхэнд нутагшуулсан минжний тоо толгой хэд болсон талаар “Минж үржүүлэх нутагшуулах төв”-өөс тодруулахад "Тус төв зөвхөн минжийг үржүүлж, байгальд тавихаас гадна иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулдаг юм. Тухайлбал Улаанбаатар хот орчимд тархсан зэрлэг амьтдын талаар ярьж болно. 35 хүний багтаамжтай сургалтын танхимтай, мини музейтэй юм. Төрийн байгууллага учраас иргэдэд байнгын нээлттэй, үнэ төлбөргүй. Сонирхсон иргэд 7272 0303 дугаарын утсаар холбогдож, очиж болно.

Харин минжний ороо нийллэг, хээл тээх, төллөх үед тус төвд хүн оруулахыг хориглодог. Минжний хээлтүүлгийн үе нь 1-2 дугаар сард байдаг бол 4, 5 дугаар сард төллөөд эхэлдэг.

2012-2024 оны хооронд Туул голын эхэнд 77 бодгаль минжийг нутагшуулсан. Салбарын судлаачид тэдний хэрхэн нутагшиж буйг судалж байна.

Анх 2012 онд ОХУ-аас 20, Герман улсаас 14 бодгаль минжийг авчирч, ОХУ-аас авсан минжнүүдээс 16-г шууд Туул голын цутгал Заан-Тэрэлж голд нутагшуулсан байдаг. Үлдсэн 18 минжийг үржүүлгийн төвд үржүүлж, жил бүр цөөн тоогоор Туул голын эхэнд нутагшуулах нь зүйтэй гэж тухайн үеийн Улаанбаатарын удирдлагууд болон салбарын судлаачид шийдвэрлэсэн юм билээ.

Салбарын судлаачдын зөвлөснөөр Туул голын эхэнд 100-150 бүл минж нутагшуулсан тохиолдолд байгалийн популяц үүснэ. Энэ зорилгод хүрэхийн тулд “Минж үржүүлэх нутагшуулах төв”-д цөөрөм байгуулсан юм. Минжийг байгальд бага, багаар дасгахын тулд эхлээд цөөрөмд дасгасны дараа Туул голын эхэнд тавьж 2021 онд биетээр нь харж эхэлсэн. Өмнөх жилүүдийн судалгаагаар минж голын мөсөн дээгүүр явж, мод унагасан ул мөр байсан юм. Амьтан нутагшуулах ажлын үр дүн гарахад тодорхой хугацаа шаарддаг.

Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлдэг амьтан учраас өөр голуудад нутагшуулахыг зорьж байгаа. Монгол орны бусад голуудад минж нутагшуулах боломж бий" гэж ярилаа.

Түүний хэлснээр Туул голын эхэнд минж нутагшуулахад зарим саад бэрхшээл гардаг байна. Тухайлбал малчин айлууд Туул голын салаа руу орж өвөлжих, гэрийн нохой минжийг барих, Хагийн хар нуурыг зорьж байгаа иргэд мөсөн дээгүүр явж байгаа минжтэй таарч үргээсэн тохиолдол гарч байжээ. Иймд иргэд минжтэй тааралдвал айлгахгүй, үргээхгүй, агнахгүй байхыг зөвлөлөө. Нэн ховор амьтныг агнавал эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. 

"Минж үржүүлэх нутагшуулах төв" нь Гачууртаас дээш 7 километрийн зайд Туул голын салаанд байршдаг бөгөөд Даваа-Баасан гарагт 07:00-16:00 цаг хүртэл ажилладаг байна.

2012-2019 онд төслийн нэгж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нэртэй байгуулагдаж, 2019 онд Нийслэлийн Байгаль Орчны Газарт харьяалагддаг болжээ.