Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж итгэл үзүүлэх тухай асуудлыг оруулж ирсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Тогтоолын төслийг боловсруулахдаа үгийн сонголт, утга, мессэжийг бодолцсон байж таарна. Албан бичигт “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх дэмжлэг шаардлагатай байна” гэж. Энэ өгүүлбэрийн цаад учир шалтгаан юу вэ. Ямар улс төрийн нөхцөл байдал үүсэв. Үүнд хариулт авъя.

Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бидэнтэй ил тод уулзаач гэдэг санал хүргүүлснийг дамжуулъя.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч үр дүн гарснаас үл хамааран энэ үйл явдлын дараа  нээлттэй хэвлэлийн бага хурал хийнэ. Төлөөллийн төв байгууллага буюу парламентад эхэлж асуултад хариулах нь зүй ёсны асуудал гэж үзсэн. Түүний өмнө тайлбар хийж, өөрийгөө зөвтгөх гээд байх сонирхол надад огт байгаагүй гэдгийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлье.

Монгол Улс парламентын засаглалтай. Төлөөллөө илүү том болгосон нь парламент бие даан шийдвэр гаргадаг эрхийг нь баталгаажуулсан хэрэг. 76-гаас 126 болсноор олон эксперт орж ирж, санал гээгдэхгүй, жагсаалтыг төлөөлж байгаа, томсгосон тойргоос нэлээн өндөр чансаатай сонгогдож байгаа гишүүд бүгд ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмнийг төлөөлж байгаа элчийн хувьд шийдвэрээ гаргах нь зүйтэй.

Сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж итгэл үзүүлэх тухай асуудлыг оруулж ирсэн. Энэ бүх мэтгэлцээн өөрөө сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж, өөрөө огцруулдаг байх нь Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй байх ёстой.

Тийм учраас парламент олон талаас шүүн хэлэлцээд, парламентаар дамжуулж олон нийтийн эргэлзээг тайлаад нийгмийн дүгнэлт, парламентын олонхыг нэг талд гаргах Монгол төрийн шийдвэр. Энэ агуулгаар асуудлыг оруулж ирсэн.