УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ тогтоолын төсөл өөрөө асуудалтай байна. 1992 оны Үндсэн хуульд заагдсан 44 дүгээр зүйл бол гол агуулга нь. 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжлийн асуудлыг тавиад итгэл хүлээлгэх тухай ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай парламент Ерөнхий сайдын оруулж ирсэн бүх зүйлийг дэмжээд явж байсан.
44 дүгээр зүйлд ямар агуулга байдаг гэвэл Засгийн газар төсвийн асуудал оруулж ирлээ. Төсвийн алдагдлыг 0.5 хувьд барь гэдэг УИХ-ын шийдвэр гараад буцаасан тохиолдолд үүнийг ингэж барих боломжгүй, яагаад гэвэл эдийн засгийн нөхцөл байдал ийм байна, төсвийн алдагдлыг 0.5 хувьд барьж чадахгүй. Тиймээс миний энэ асуудлыг баталж өг, эсвэл надад итгэл тухай асуудал ярьж өг гэдэг. Итгэл үзүүлэх тухай тогтоолыг УИХ дэмжихгүй бол огцордог асуудал.
Бидний хувьд Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа асуудлыг эсэргүүцэж унагаасан тохиолдол байхгүй. Орлогоо нотлох тухай асуудал байсан, үүнийг МАН-ын бага хурал руу чирээд оруулсан. АН-ыг Засгаас гаргах тухай ганц асуудал яригдсан. Ийм л зүйл байгаа.
Ерөнхий сайдын Бага хурлын бичлэг задарсан, АН-ыг гаргаад цаашаа явъя гэсэн. Ийм байдлаар явахаар хамтарч буй засгийн чинь бүх буруу АН-ын сайд нарынх болж хувирдаг. Энэ хэдэн сайд нар хамаг чадлаараа зүтгэсэн.
Хамгийн галтай, хэл амтай яамдыг хариуцаж ажилласан. Ардчилсан Намаас болж, хэдэн сайд нараас болж ийм асуудал үүсээгүй гэдгийг хэлмээр байна. Шалтгаан чинь буруу шүү гэдгийг хэлмээр санагдлаа" гэх байр суурийг илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!