УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүтэйгээ холбоотой гишүүдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт болсон. Яг энэ үетэй давхцаад ийм мэдээлэл цацагдсан.
Би хүрч ирээд тайлбар өгөөд, тэр өдрөө Авлигатай тэмцэх газарт бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн. Гишүүд бүгд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өгдөг. Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт үндэслэж орлогоо нотлох ёстой.
Хүүтэйгээ уулзаад юу болов оо гэж асуусан. Манай хүү очиж тайлбар өгсөн. Хүү маань одоо 23 настай. Уулзаад ярихад яалт ч үгүй нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй, бас бугуйвч бэлэглэсэн, тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Авсан дэлгүүр, бүх материалыг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Тэр том үнэтэй машиныг би судалж үзсэн, Монголд 10 хүрэхгүй байдаг юм байна. Бүгд худал мэдээлэл.
Хугацааны хувьд үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгт нягтлаад буцаагаад хариу өгдөг юм байна. Энэ нь 30-60 хоног байдаг. Тэртээ тэргүй УИХ-д яригдах зүйл дээр хэвлэл мэдээлэлд хөндлөнгөөс тайлбарлаад байх нь зохимжгүй юм шиг мэдрэмж төрсөн.
23 настай хүүтэйгээ уулзаж, цаг гаргаж чадахгүй аав хүний хувьд бол алдаа, би ойлгож байгаа. Гэхдээ 23 настай залуу гэдэг бол бие даасан, эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зон олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиох дээр би хөндлөнгөөс оролцоод байх нь зохисгүй. Зөв амьдраасай, янз бүрийн юманд холбогдчихгүй хэл ам битгий татлаасай гэж хоёр хүүдээ дандаа хэлдэг.
Олон нийтийн өмнө гаргахгүй явж байгаад нэрмээс болчхов уу гэж өөртөө асуулт тавьсан. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой, 2017 оноос хойш Хүлэг контент, "Херо Энтертайнмент Групп” ХХК-ийн 50 хувь байдаг. Манай хүүгийн хувьд багаасаа зураг авах сонирхолтой хүүхэд, та бүгдийн зарим нь мэднэ. Сонирхлынхоо дагуу контент хийх дурай хүүхэд. Манай аав зураач хүн. Надад зургийн авьяас байхгүй, харин манай хүүд байдаг. Энэ дагуу контент хийгээд явдаг залуу. Цаашдаа ч энэ ажлаа хийгээд өөрийнхөө амьдралаар явах зүйл шүү. Энэ бүхэнтэй холбоотой бүх зүйл хугацаандаа нотлогдоно гэдэгт итгэлтэй байгаа.
Миний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг болон өөрийнхөө орлогод эргэлзэж явсан бол ийм галтай янз бүрийн сэдэв рүү орохгүй байх. Энэ жагсаалын орлого нотлох асуудал байсан бол би залуучуудтай гараад уулзчихна. Өмнө нь ч гэсэн 2, 3 жагсаал дээр гараад л уулзаж байсан. Залуучууддаа талархаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!