Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын нээлттэй тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багийн дүнгээр тэргүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны олимпын чансааны оноо олгох ээлжит тэмцээн болох "Ulaanbaatar Open" өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-нийг дуустал Буянт-Ухаа спортын ордонд боллоо.

Энэ удаагийн чансааны оноо олгох тэмцээнд 14 улсын 178 тамирчин хүч сорьжээ. Тодруулбал зохион байгуулагч орон буюу Монголоос 70, Энэтхэг 31, UWW холбооны багаас 19, Киргиз, Турк тус бүр 18, Ираны 9, БНСУ-аас 5 тамирчин оролцсон байна.

Түүнчлэн олон улсын зэрэгтэй 25 шүүгч энэ удаагийн тэмцээнд ажиллав.

Чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн тамирчин 8,000, мөнгөн медаль 6,400, хүрэл медаль 5,200 оноог нэмж авах учиртай. Мөн алтан медаль хүртсэн тамирчин багийн чансаанд 25 оноо нэмэрлэдэг.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Монголын эрэгтэй баг 177 оноогоор тэргүүлэв. Эрчүүдээс 

  • 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар алт,
  • 86 кг-ын жинд Б.Бямбадорж, 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар мөнгө, 
  • 57 кг-ын жинд М.Даваабанди, 70 кг-ын жинд Т.Тулга, 86 кг-ын жинд Н.Батбилгүүн, 92 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.
зураг
 

Эмэгтэйчүүдийн ангилалд Монголын эмэгтэй баг 207 оноогоор түрүүлсэн бол энэтхэгчүүд 202 оноогоор удаалжээ. Нийт 10 жингийн дөрөвт нь манай хүүхнүүд алтан медаль хүртсэн юм.

Тухайлбал

  • эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Хулан, 62 кг-ын жинд П.Орхон, 65 кг-ын жинд Т.Энхжин, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар аваргалж,
  • 57 кг-ын жинд Х.Болортуяа, 59 кг-ын жинд Т.Алтжин, 62 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 68 кг-ын жинд Б.Ганцэцэг, 72 кг-ын жинд З.Болортунгалаг, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар мөнгө, 
  • 53 кг-ын жинд Ч.Отгонтуяа, 55 кг-ын жинд Б.Отгонтуяа, 59 кг-ын жинд Э.Гантуяа, 65 кг-ын жинд Н.Нархажид, 68 кг-ын жинд Н.Батсүрэн, 76 кг-ын жинд Г.Уртнасан нар хүрэл медалийн эзэд боллоо.

Сонгомол бөхийн төрлөөр Киргизийн баг 170 оноогоор түрүүлсэн бол Турк 167, Энэтхэг 163, Монголын баг 102 оноогоор удаалав.

Монголын багаас

  • 87 кг-ын жинд Ц.Батбаяр, 130 кг-ын жинд хүч үзсэн Б.Намбардагва нар мөнгө,
  • 55 кг-ын жинд зодоглосон М.Даваабанди, 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар хүрэл медаль зүүсэн байна.