Оросын палеонтологичид Сибирийн зүүн хойд хэсгийн мөнх цэвдэгтэй хөрснөөс 32,000 жилийн өмнө амьдарч байсан сэлмэн соёот барын бамбарын маш сайн хадгалагдаж үлдсэн биеийг илрүүлжээ.
Уг бамбарыг төрөөд дөнгөж гурван долоо хонож байхдаа үхсэн гэж Якутын Шинжлэх Ухааны Академийн судлаачид дүгнэсэн байна.
“Ийм сайн хадгалагдаж үлдсэн олдвор өөр хаанаас ч илэрч байгаагүй. Энэ амьтан яг ямар харагддаг байсныг дэлхий нийтэд анх удаа харууллаа” гэж судлаачдын нэг Айсен Климовский ярьжээ.
Өмнө нь сэлмэн соёот барын араг ясыг АНУ-ын Техас мужийн нутгаас илрүүлж байсан юм. Гэхдээ энэ удаагийн олдвор арьс үстэйгээ байсан нь онцгой болгож байна.
Судлаачид дөрвөн жилийн өмнө Якутын Бадяриха голын савд арслан зааны соёо малтаж байхдаа уг олдворыг илрүүлж байжээ.
Олдворыг судалж дууссаны дараа эрдэмтэд тайлангаа саяхан “Scientific Reports” сэтгүүлд нийтлүүлсэн юм.
ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын газар нутаг Аргентин улсаас том бөгөөд үүний 95 хувь нь мөнх цэвдгээр хучигдсан байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдэг хайлж, эртний амьтдын үлдэгдэл хөрсөн дороос ил гарсаар байгаа.
Энэ оны эхээр эндээс 44,000 жилийн өмнө амьдарч байсан чонын биеийн үлдэгдэл илэрч байв.
Сэлмэн соёот бар нь Умард Америк, Еврази, Африк тивийн нутагт дөрвөн сая жилийн өмнөөс эхлэн 12,000 жилийн өмнө хүртэл хугацаанд амьдарч байсан юм.
Нас биед хүрсэн энэ амьтны биеийн хэмжээ өнөөдрийн арслангийнхтай ойролцоо байсан гэж үздэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!