Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутерте хэрвээ өөрийнх нь амь насанд халдвал зөрүүлээд тус улсын ерөнхийлөгч Фердинанд Маркосын амь насанд халдахаа мэдэгдэж, дуулиан тариад байна.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор Филиппиний тусгай албаныхан ерөнхийлөгчийнхөө аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авчээ.
Бямба гарагийн өглөө хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Сара Дутерте хэрвээ өөрийнх нь амь насанд халдвал ерөнхийлөгч Маркос, түүний гэргий, Филиппиний парламентын спикер нарыг хөнөөх даалгаврыг өөрийн алуурчинд өгсөн тухай мэдэгдсэн юм.
“Хэрвээ миний амь насанд халдвал ерөнхийлөгч Маркос, тэргүүн хатагтай Лиза Аранета, спикер Мартин Ромуалдез нарыг алахыг би өөрийн хүнд даалгасан. Тоглоом биш шүү. Тэднийг бүгдийг алж дуустлаа зогсож болохгүйг би тушаасан. Тэр тушаалыг хүлээж авсан” гэж тэр ярьжээ.
Энэ мэдэгдэл нь Филиппиний улс төр дэх хамгийн нөлөө бүхий хоёр гэр бүлийн хагарал гүнзгийрснийг харуулж байна.
Сара нь Филиппиний өмнөх ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин юм.
Ерөнхийлөгч Фердинанд Маркос нь Филиппинийг олон жилийн турш захирч байсан дарангуйлагч Маркосын хүү.
Тус улсын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын алба “Бид ерөнхийлөгч болон түүний гэр бүлд аюул занал учруулах аливаа оролдлогыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд хууль хүчний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Филиппиний цагдаагийн газрын дарга Роммел Франциско Марбил дэд ерөнхийлөгчийн ярьсан зүйлийн мөрөөр шалгаж эхэлснийг мэдэгдээд “ерөнхийлөгчийн амь насанд шууд болон шууд бусаар аюул учруулах аливаа оролдлогод бид дээд зэргийн шуурхай арга хэмжээ авах болно” гэж хэлсэн байна.
Өчигдөр үдээс хойш Сара Дутерте дахин сэтгүүлчидтэй уулзахдаа “Ямар нэг зүйлийн талаар ярих, бодох нь бодитой үйлдлээс өөр зүйл. Хэрвээ би алагдвал мөрдөн байцаах ажиллагаа явагдана. Дараа нь тэдний үхлийг шалгах ажил эхлэх болно” гэж анхааруулжээ.
2022 оны сонгуулиар Маркос, Дутерте нарын эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.
Гэвч энэ эвсэл удалгүй задарч, энэ оны зургаадугаар сард Маркосын засгийн газрын бүрэлдэхүүнээс Дутерте гарсан ч дэд ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэж байв.
Дараа нь Маркосын үеэл парламентын спикер Ромуалдез дэд ерөнхийлөгчийн төсвийн гуравны хоёрыг хасах шийдвэр гаргасан нь зөрчлийг улам хурцатгажээ.
Аравдугаар сард Сара Дутерте хэлэхдээ Маркосыг “ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй хүн” гээд өөрийгөө түүний толгойг тастаж байгаагаар төсөөлдөг тухай ярьж байв.
Сарагийн энэ мэт хатуу, ширүүн үг хэллэг нь энэ талаараа алдартай байсан эцэг Дутертегийн дэмжигчдийг татах зорилготой гэж ажиглагчид үздэг.
Ирэх оны тавдугаар сард Филиппинд болох парламентын дунд хугацааны сонгууль нь ерөнхийлөгч Маркос 2028 он хүртэл ажиллах бүрэн эрхийнхээ хугацааны байр суурийг бэхжүүлж чадах эсэхээ шийдэх чухал үйл явдал болох юм.
Сонгууль ойртох тусам Маркос, Дутерте нарын зөрчил улам гүнзгийрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!