Украины дайнд сайн дураар явахыг зөвшөөрсөн иргэдийн найдваргүй өрийг тэглэх хуулийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн Бямба гарагт баталжээ.
Тухайлбал энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Украины фронтод нэг жилийн хугацаатай алба хаахыг зөвшөөрвөл 10 сая рубль хүртэл (одоогийн ханшаар $96,000) дүнтэй найдваргүй өрийг нь тэглэх юм байна.
Үүнд гэр бүлийн хүнийх нь өрийг бас хамруулахаар болжээ.
Хуулийн төслийг энэ сарын эхээр Оросын парламент дэмжсэн юм.
Энэ нь хугацаат цэргийн алба хаасан 40 хүртэл насны залуусыг татах зорилготой хууль гэж ажиглагчид үзэж байна.
Оросын арми одоогоор хугацаат цэргийн алба хаагчдыг Украины дайнд оролцуулахгүй байгаа.
Мөн ийм насны залуусын ихэнх нь мөнгөн хуримтлалгүй, банканд хугацаа хэтэрсэн өртэй байдагтай холбоотой гэж үзэж байна.
Оросын төв банк энэ оны эхний хоёр улирлын тайланг өнгөрсөн сард гаргахад 13 сая гаруй хүн гурваас дээш өртэй гэсэн тоо баримт нийтлэгдэж байжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Тэдгээрийн дундаж өрийн хэмжээ 1.4 сая рубль ($13,422) байжээ.
Иргэдийн ихэнх нь эхлээд банкнаас зээл авч, дараа нь санхүүгийн бусад жижиг байгууллагуудаас үргэлжлүүлэн зээл авдаг юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!