Уншиж байна ...

Өмнөд Солонгосын жүжигчин Жун У Сун модель бүсгүйн төрүүлсэн хүүхдийн аав болохоо батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын киноны алдартай жүжигчдийн нэг Жун У Сун загвар өмсөгч Мүүн Га Биний төрүүлсэн хүүхдийн аав болохыг жүжигчний харьяалагддаг агентлаг Ням гарагт мэдээлжээ.

“Модель бүсгүйн сошиал хуудсаараа танилцуулсан хүүхэд Жун У Суны хүү болохыг бид баталж байна” гэж уг мэдэгдэлд дурдаад хос хоёр одоо “хүүхдээ өсгөх хамгийн сайн арга хэлбэрийг хэлэлцэж байгаа” гэж мэдээлсэн байна.

Гэхдээ уг мэдэгдэлд жүжигчин “өөрийн үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа” гэсэн ч тэдний харилцаа цаашид яах, гэрлэх эсэх талаар огт дурдаагүй байна.

Баасан гарагт модель Мүүн Га Бин сошиал хуудсаараа хүүтэй болсноо анх зарласан ч хүүхдийнхээ эцгийн нэрийг зарлаагүй юм.

Тэрбээр хүүхэд олсноо “гэнэтийн үйл явдал” байсан бөгөөд ар гэрийнхнийхээ тусламжтай ээж болоход чимээгүйхэн бэлдэж байснаа тайлбарлажээ.

Өчигдөр өглөө тус улсын Dispatch онлайн мэдээллийн хэрэгслээр хүүхдийн эцэг хэн болох, жүжигчин, модель хоёр гэрлэх төлөвлөгөөгүй байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Үүний дараа жүжигчин Жун У Суны агентлаг албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Жүжигчин энэ жил 51 настай бол модель бүсгүй 35 настай юм.

 

Эх сурвалж: Yonhap News