Бямба гарагт Канадын засгийн газар 1950-1960-аад оны үед чарганы нохдыг үй олноор нь хядсан үйлдлийнхээ төлөө нутгийн уугуул Инуит хүмүүсээс уучлал гуйжээ.
Энэ өдөр Канадын засгийн газрын уугуул иргэдийн асуудал хариуцсан сайд Гари Анандасангари өөрийн биеэр Квебек мужийн хойд хязгаарын Нунавик нутагт зочилж, нутгийн иргэдэд уучлал гуйлтыг дамжуулсан байна.
Бас нөхөн төлбөрт 45 сая канад доллар ($32.19 сая) төлөхөөр болсныг энэ үеэр мэдээлжээ.
“Өнөөдөр Канадын засгийн газар аймшигтай шударга бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, Нунавикийн чарганы нохдыг хядах үеэр учруулсан хохиролдоо гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг илэрхийлье” гэж Анандасангари сайд мэдэгдсэн байна.
1950-аад оны дунд үеэс Канадын хааны морьт цагдаа болон бусад хууль сахиулах хүчнийхэн Инуитуудын амьдардаг тосгон сууринуудад чарганы нохдыг устгаж эхэлж байв.
Чарганы ноход нь Инуит хүмүүсийн соёл уламжлал, ан агнуурын аж ахуйтай салшгүй холбоотой байсан бөгөөд Канадын алс хойд хязгаарын өргөн уудам газар нутгаар хурдан зорчих боломж олгодог байжээ.
Нохдыг үндэслэлгүйгээр устгасан нь нутгийн уугуул иргэдийн хоол хүнс, эдийн засгийн аюулгүй байдалд хор хохирол учруулж, уламжлалт амьдралын хэв маягаа алдахад хүргэж, сэтгэл санааны гүн гүнзгий шарх үлдээсэн тухай Канадын засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
“Энэ бол үе дамжсан их хор хохирол байсан бөгөөд өнөөдрийн амьдралдаа хүрэхийн тулд бид 25 жилийг зарцуулсан” гэж Квебекийн Инуит хүмүүсийн холбоо Макивикийн ерөнхийлөгч Пита Аатами мэдэгджээ.
Канадын хааны морьт цагдаагийн газар 2006 онд өөрийн үйлдлийг дотооддоо шалгасны дараа нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс зөв зүйл хийсэн гэж дүгнэж байв.
Гэвч Аатами болон Инуитын бусад удирдагчид үүнийг нүүдэлчин уугуул иргэдийг суурин амьдралд шилжүүлэх зорилготой үйлдэл байсан гэж үзээд үр дагаврыг нь колоничлолын бусад томоохон харгислалтай дүйцүүлж байжээ.
2011 онд Квебек мужийн захиргаа Нунавикийн уугуул иргэдээс уучлал гуйж байсан байна. Харин энэ удаа Канадын төв засгийн газар гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!