Уншиж байна ...

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим 2025 оны тэргүүлэх зорилтуудаа тодорхойлж, ТУЗ-ийн шинэ гишүүдээ сонгов

ikon.mn
12 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс-Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2024 оны 11-р сарын 22-ны өдөр ээлжит тайлангийн хурал зохион байгуулж, гишүүдэд өнгөрөгч онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулав. Мөн түүнчлэн 2025 оны тэргүүлэх зорилтуудаа тодорхойлж, шинээр сонгогдох ТУЗ-ийн гишүүдийн сонгууль, цаг үеийн сэдвээр хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулав.

Энэ удаагийн тайлангийн хуралд 30 гаруй гишүүн байгууллагуудын төлөөлөгчид биеэр оролцож, АНУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нээлтийн үг хэлэв. Мөн уг хурлаар АмЧам Монголын ТУЗ-ийн 5 гишүүнийг сонгуулийн журмаар санал хурааж, бизнесийн салбарт манлайлж буй дараах лидерүүдийг нийт гишүүдийн олонхын санал дээр үндэслэн сонгов. Үүнд:

Жэймс Лиотта, Махони ба Лиотта хуулийн фирмийн Үүсгэн байгуулагч
Амарзаяагийн Одонбаатар, Голомт Банкны Гүйцэтгэх захирал
Цэрэнпилийн Халиун, Монцемент Билдинг Материалз ХХК-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал
Батаагийн Нямцэрэн, Снөү Хилл Консалтанси хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал, партнер
Цоохүүгийн Байгалмаа, Мэлвилл ба Эрдэнэдалай хуулийн фирмийн хуульч

зураг
 

Хурлын төгсгөлд “АмЧам Монгол” ГҮТББ Элчин сайд Ричард Буанганд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг улам бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, нийт гишүүдийн нэрийн өмнөөс Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын Хүндэт Гишүүнээр өргөмжилж, баяр хүргэв.

зураг
 

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.