Бүх ертөнцийн таталцлын хуулийг нээсэн Английн их эрдэмтэн Сэр Исаак Ньютон амьдралынхаа сүүлийн хагаст асар их баяжсан бөгөөд түүний хөрөнгийн гол эх үүсвэр боолын худалдаа байсан тухай шинээр хэвлэгдсэн “Ricardo’s Dream” номд бичжээ.
Уг номд 18 дугаар зууны эдийн засгийн том онолч, тухайн үедээ Лондоны хөрөнгийн зах зээлийн хамгийн баян арилжаачин байсан Дэвид Рикардогийн ажил, амьдралын түүхийг өгүүлдэг байна.
Үүнийхээ хажуугаар бас Ньютоны амьдралын талаар баримтыг дурджээ.
Тэрбээр амьдралынхаа эхний хагаст Кэмбрижийн их сургуульд профессороор ажиллаж байхдаа жилийн 100 фунтийн (өнөөдрийн ханшаар 36,000 фунт стерлинг) орлоготой амьдарч байсан байна.
Дараа нь тэр эрдмийн ажлаа орхиж, 1696 оноос эхлэн Английн Эзэн Хааны Зоосны үйлдвэрт (Royal Mint) мастераар ажиллаж эхэлжээ.
Энэ үед Ньютоны орлого эрс өсөж, 1702 он гэхэд жилийн 3,500 фунтийн (өнөөдрийн ханшаар 1.26 сая фунт) орлоготой болсон байна.
Ньютон 30 орчим жил зоосны үйлдвэрт ажиллахдаа мастерын хувьд үйлдвэрлэсэн алтан зоос бүрээс бага хэмжээний хувь авдаг байжээ.
Энэ хугацаанд Англи улс 14 сая фунтийн зоос цутгасан байна.
Ингэхдээ алтны нөөцөө Португалийн колони Бразилаас авдаг байжээ.
Тухайн үед португаличууд Өмнөд Америк тив дэх өөрийн колонид олон тооны алтны уурхай ажиллуулж, Африкаас аваачсан боолуудыг ажиллуулдаг байсан байна.
Тиймээс их эрдэмтний хуримтлуулсан хөрөнгө боолын хөдөлмөрөөс угшилтай болохыг энэ номын зохиолч бичжээ.
“Хэдийгээр хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр их хэмжээний мөнгөө алдсан ч Ньютон нас барахдаа асар баян хүн болсон байна. Үүний ихэнх нь Атлантын далайг дамнасан боолын худалдаатай нягт холбоотой байлаа” гэж номын зохиолч Нэт Дайер хэлсэн байна.
Ньютон ч өөрөө алт хаанаас ирдгийг мэддэг байжээ.
1701 онд бичсэн захидалдаа тэр “Бид Испани, Португалийн эзэмшдэг Баруун Энэтхэгээс (Өмнөд болон Төв Америк) алтан гулдмай авах боломжтой”, 1717 онд Английн төрийн санд бичсэн захидалдаа “Английн баруун хэсэг Португалийн алтаар дүүрсэн” тухай бичсэн байна.
“Тэр алтны урсгалын гол төвд байсан. Лондоны цамхагт хэдий чинээ их алт цутгана, тэр төдий чинээ баяжиж байв” гэж Дайер бичжээ.
“Гэхдээ энэ баримт Ньютоны талаар бидний ойлголтыг эрс өөрчлөхгүй гэж би бодож байна. Тэр бол эрин үеийг тодорхойлсон сэтгэгч. Хамгийн аугаа эрдэмтэд хүртэл тухайн цаг үеийнхээ нэг хэсэг байдаг” гэж тэр цааш нь бичсэн байна.
“Намтрыг нь бичсэн хүмүүсээс ялгаатай нь Ньютон алт Бразилаас ирдгийг мэдэж байсан нь миний хувьд гайхах зүйл биш. 18 дугаар зууны эхэн үеийн Британийн банк санхүүгийн салбарт ажилладаг бүх хүмүүс ямар нэг байдлаар Бразилын боолчлол, боолын худалдаатай холбоотой байсан” гэж Бразилын Флюминенсын Холбооны Их сургуулийн түүхч профессор Леонардо Маркиз хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!