Богд Зонховын дүйчэн өдөр Зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр галын тахилга болох бөгөөд уг зан үйлийн утга учрын талаар МБШИС-ийн багш Б.Соронзонболд лам тайлбарласныг хүргэе.
Арваннэгдүгээр сарын 25-нд буюу Зулын 25-ны дүйчэн өдөр 15:00 цагт Жанрайсигийн урд талбайд гал тахих үйл болно. Энэ зан үйлийг монгол хэлээр уншихаараа онцлог юм.
Гал тахилгын зан үйлийг Жанрайсиг дацангийн лам хурвагууд голлон хийнэ. Бурханы шашинд энэ зан үйлийн учир холбогдлыг юу гэж үздэг вэ гэдгийг тайлбарлая.
Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээлж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн энэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхыг даатгаж ирсэн уламжлалтай.
Урин заллага - Лам нар хоосон чанар, бодь сэтгэлийг үүсгэж урин зална. Гал бурханыг дүрслэхдээ улаан сэрх ямааг хөлөглөсөн дөрвөн мутартай, цагаан өнгөтэй торгоор өөрийн биеийг чимсэн дүртэй хэмээдэг. Галын бурханыг зүүн урд зүгээс урин залж галд оршоох зан үйл юм.
Тахил өргөлийн хэсэг - Энэ бол нийтийн бусын тахил өргөдөг. Балин тэргүүтэй тахил өргөлийн зан үйл болно
Үйлс даатгалын хэсэг - Энд дөрвөн үйл даатгадаг.
Галын хишиг даллага - Монголын ард түмнийг сайн, сайхан байлгах хэрэгтэй эд зүйлс оюун ухаан бүх зүйл нь дэлгэрч сайн сайхан байхыг даатгадаг энэ үйл болно.
Төгсгөлд нь Өлзий оршоолго буюу Өлзий хутгийг оршоох. Эдгээр хэсгээс гал тахилгын зан үйл бүрдэнэ.
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!