Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 25
Зураг
Судлаач проф.

Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал

Зураг

Намайг их шүүмжилдэг: –Элдэв номнол, үглэл зөндөө  бичлээ. Ганцхан зөв болгох аргаа бичихгүй юм гэж. Сайхан шүүмжлэгч. Тэгсэн мөртлөө гарцыг нь бичээч чи гэсний хариуд би шүүмжлэлийг дуртайяа хүлээн авч хожим юугаар ч үл хэмжигдэх тэр нэг ГАРЦ-ыг чинь одоо зааж өгье!

Их хотын түгжрэл манай нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлон (бүр гамшиг) болчхоод байгаа учраас түүнтэй нэг ёсны “дайн зарлах” тухай ГАРЦ. Бас УРИАЛГА.

зураг
 

Юуны өмнө нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлонгийн шалтгааныг арилгахаас л 2024 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ, дүүргүүдийн ИТХ-ууд, дээрээс УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэр гарцыг хэрэгжүүлэх ажлаа эхлэгтүн! Ямар шалтгаан.

  1. Нийслэлийг хэт томруулсан нэгдүгээр шалтгаан. Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж УБ-ыг механикаар томруулдаг. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье!
  2. Нийслэлийн механик өсөлтийг дагалдсан машины их бөөгнөрөл, түгжрэл бол хоёрдугаар шалтгаан нь. Жилдээ хэчнээн арван мянга ч гэв үү, машин импортоор орж ирдэг. Ихэнх нь нийслэлдээ зарагдаад борлогдоод, нийслэлийн иргэд худалдан аваад хөл дүүжилж байна. Жилийн өмнө дөө, 700 000 машин их хотод хөлхөж байдаг гэсэн мэдээ явж харагдсан. Үнэн ч бай, худал ч бай, нийслэл “0 зогсолт” хийдэг, хийх гэж байгаа нь гарцаагүй үнэн юм даг. Энэ өвөлжингөө “0 зогсолт” хийх болно, ёрлож байгаа юм биш. 
  3. Нийслэлийн хүн амын механик өсөлт, машины импортыг зохицуулдаг хоёрын зэрэг хатуу хуультай болохгүй бол оройтлоо. Өөрөөр яах юм? Үндэсний хороо ба сайд, хотын шинэ удирдлага өөрөөр яаж ажиллах юм? Хууль барьж л ажиллаж таарна. Ямар хууль? Дээр түрүүчээс нь дурдлаа. Агуулгыг нь ч биччихлээ. Машины тухай ямар хууль?  Машин импортын хатуу зохицуулалтын тухай хууль ба мөрдөх журам. Насжилт, баруун ба солгой, нийслэлийн үзэмж, агаарын бохирдолд тэнцэх тэнцэхгүй, машины парк зогсоол, зогсоолын үнэлэмж, зам тээврийн зөрчилд оноох ял хариуцлага гээд явж өгнө.
зураг
 
  1. Татвараар. Нийслэлийн төв зам–баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зорчих бол татвар төлнө. Тэгш, сондгой дугаараар зорчихыг татвараар зохицуулна. Долоо хоног явна гэвэл өндөр татвар тогтооно, дугаар ялгахгүй. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  2. Төрийн албан хаагчдыг хувийн машинаар ажилдаа очихгүй байх журам хавтгайд нь мөрдүүлнэ. Хэрэв төрийн албан хаагчид ажилдаа хувийн машинаараа очих бол татвар төлнө. Нийслэл дэх их дээд сургууль, техникум, ерөнхий боловсролын сургуулийн бүх оюутан сурагчдыг (ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдийг) хувийн машинаар хүргэдэг авдагийг хориглох журам батлаж мөрдөнө. Хэрэв хувийн машинаар хүргэж авна гэвэл татвар төлөөд зорчино. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  3. Төрийн яамд, байгууллагын дарга нарын албаны машиныг эрс цөөлнө. Засгийн газрын автобаазыг хувьчилж болно. Дагалдаад яамдын автобаазуудыг хувьчлах буюу тарааж болно. Хувийн таксины компаниудаар үйлчлүүлж болно. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  4. Миний эрхэлж байсан Дипломат албатай холбоо бүхий нэгэн шүүмжийг энд дайя. ГХЯ-ны мэдэлд ДБҮЭГ гэж байдаг. Нэр нь солигдож байсан нь ч үүрэг нь мөнх юм шиг хадаатай. Тийшээ жолоочоор очих гэж нэг ёсны “иргэний дайн” өрнөж ирсэн ба авилгын маш том торон сүлжээ олон жил энэ байгууллагад нүүрлэж ирсэн. Үүнийг XXI зууны орчин цаг руу нь хандуулж өөрчлөхийг олон хүн ярьдаг хүсдэг. Гадаад дахь ЭСЯ, БТГ, ЕКГ, Консулын газарт жолооч томилж явуулдагийг “Хэмнэлтийн хууль”-ийн дагуу зохицуулах, гадаад орнуудад суугаа монгол иргэдээ (олон жил суугаад ижил дасал болсон тэндхийн монгол иргэд!), эсвэл суугаа орныхоо иргэдийг гэрээгээр жолоочоор ажиллуулах, энэ бол болохгүй биш өлхөн болно. Маш их хэмнэлт гарна. ГХЯ-ны автобаазыг татан буулгавал Хувийн таксины компаниудаар үйлчлүүлэхэд саад алга. Мэдээж ёслолын ганц нэг машин зохицуулж болно.
зураг
 

Би том зургаар дээр томьёоллоо. Энэ мэт санаснаараа маш олон пойнт бичиж болж байна. Шатахуун хомстсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлдэггүй хямрал үе үе тохиодог. Машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнх нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс, хараарай кабиндаа ганц ганцаараа яваа!), тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж явдгийг болиулах хэрэгтэй. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй!

Төгсгөлд нь ганц эшлэл. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ: –Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан гэжээ.

200 мянган машин зүгээр л цаг нөхцөөгөөд тэнэж явдаг!