Уншиж байна ...

"Чөлөөт зах зээлийг хумьсан төсвийн төслөө буцааж тат. Татвар төлөгчид төрийн данхайсан бүтцийг тэжээхийн төлөө яваагүй"

М.Батчимэг, ikon.mn
50 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн сүүлийн 25 жилийн статистик үзүүлэлтийг авч үзвэл УИХ-ын сонгуультай жилүүдэд төсвийн зарлага өмнөх оноос дунджаар 29 хувиар өсөж, төсвийн алдагдал өмнөх оноос хоёр дахин өсдөг зүй тогтол ажиглагдаж байгаа аж. 

Түүнчлэн 2025 онд Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй улсын нэгдсэн төсөв батлахаар төлөвлөсөн нь 2016, 2017, 2018, 2019 онуудын  төсвийн зарлагын нийлбэр дүнтэй тэнцэж байна. 

Иймд Монгол Улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлж хэт тэлж байгаа байдлыг зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг буруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг МҮХАҮТ онцлов.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Татвар төлөгчид төсвийн нийтийн санхүүг хуримтлуулсныхаа төлөө төрийн данхайсан бүтцийг тэжээхийн төлөө яваагүй"

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагважав "Төсвийн зардалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, манай танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин мэдэгдэл хийсэн. МҮХАҮТ Улсын их хуралд суух төлөөллийг илгээхдээ эрх баригч намын хүүхэлдэй бол гэж илгээгээгүй. Ард түмэн, бизнес эрхлэгч зах зээлийг авч яваа хүмүүсийн төлөөлөл болох ёстой. Гэтэл УИХ-ыг хамтарсан Засгийн Газар нэрээр намуудын дарамтад татвар төлөгч нарын мөнгийг хязгааргүй эдлэх эрх рүү орж байгааг эсэргүүцэж байна. 

Чөлөөт зах зээлийг хумьсан, буцаад коммунизм руу эргэсэн төсвийн төслийг батлах юм бол үндсэн зарчмаасаа ухрах асуудал гарч байгаа учир танхим үүнийг эрс эсэргүүцэж буцааж татах хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Төсвийн төслийг оруулж ирсэн Сангийн сайд хариуцлага үүрэх ёстой. Цаашлаад Ерөнхий сайдын хариуцлагыг ч ярьж болно. Татвар төлөгчид Ковид-19 өөс хойш бүх татвараа дандаа давуулан биелүүлж өгсөн. Татвар төлөгчид төсвийн нийтийн санхүүг хуримтлуулсныхаа төлөө дахин дарамтад орох, төрийн данхайсан бүтцийг тэжээхийн төлөө яваагүй" гэв. 

"Эдийн засгийн таатай үеэ зүй зохистой ашиглахгүй байна. Төсөвтөө ухаалаг хандаж урсгал зардлаа бууруулаач ээ"

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн "Төсвийн орлого өсөхийн хэрээр төсвийн урсгал зардал маш их өсөж байгаа нь бидний хувьд хүлээж авахгүй боломжгүй юм. Орлого өсөж байгаа бол хөгжлийн хөтөлбөр, бизнесүүдийг тэлж боломж олгох, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чиглэх ёстой байтал төсвийн урсгал зардал руу яг адилхан тоогоор өсөж байгаа нь эдийн засгийн таатай үеэ зүй зохистой ашиглахгүй байна гэж үзэж байна. Иймд шийдвэр гаргагч нарыг төсөвтөө ухаалаг хандаж урсгал зардлаа бууруулаач ээ гэж хүсэж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав