Уншиж байна ...

С.Батсайхан: Ганцхудагийн аманд ус хуримтлуулах гурван сангийн талбайг гаргах газар шорооны ажлыг энэ сард дуусгана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн аманд өнгөрсөн зун борооны улмаас үер болж, их хэмжээний хохирол учирсан. Тус байршлын гурван хэсэгт ус хуримтлуулах сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж буй.

Бүтээн байгуулалтын явцын талаар Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын/ГУББГ/ ерөнхий инженер С.Батсайхан "2018, 2021, 2022 оны үерээр Ганцхудагийн амны  зам хууларч, урсан шинээр барьж байсан бол 2023 оны үерээр дөрвөн хүний эрдэнэт амь эрстэж, 55 автомашин урссан, үерийн усны түвшин 2-3 метрийн өндөрт хүрсэн байдаг. Үерийн дараа 10 хоног уг замыг хааж, цэрэг армийн хүчээр их цэвэрлэгээ хийж, ГУББГ-ын машин, механизм тасралтгүй 20 гаруй хоног ажиллаж, оршин суугчдын хор хохирлыг багасгасныг иргэд мэднэ.

2024 оны хавраас ажлын хэсэг гарч Ганцхудаг орчимд газар чөлөөлөлт хийж, Солонго 1, 2 хороолол руу шилжүүлэх, үерийн гамшигт өртсөн айл өрхийг зөөн шилжүүлэх ажил өрнөсөн юм. 

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ТҮК-тай хамтарч газрын зөвшөөрөлгүй айл өрх, ААН-үүдийг чөлөөлсөн бол газрын гэрчилгээтэй айлууд үлдсэн байгаа.

Одоо ГУББГ-аас 11 машин техник, 23 инженер, техникийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Ганцхудагийн амны доод хэсэгт эвдэрсэн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсгийн гурван байршилд ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төсөл нь гарч, усан сангийн талбайг гаргах газар шорооны ажлыг эхлүүлсэн бөгөөд 20%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ газар дээр 80,000 м.куб газар шорооны ажил хийгдэнэ. 100 метр орчим даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажил хийгдэнэ. Уг ажлыг 11 дүгээр сард дуусгана.

Хавар инженерийн болон бетонон хийцлэлтэй үерийн хамгаалалтын усан сангийн барилга байгууламжийг барихаар ирэх жилийн төсөвт зардлыг тусгуулах саналаа өгөөд байна" гэж мэдээллээ.

зураг