Уншиж байна ...
Зураг
Зураг

Говийн их дархан цаазат газрын А бүсэд орших Нарансэвстэй боомтыг нээхийг эсэргүүцэн УИХ, ЗГ-ын гишүүдэд захидал хүргүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл ТББ, эрдэмтэн судлаачдын төлөөлөл Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр дахин илэрхийлж, Улсын Их Хурал(УИХ), Засгийн газрын гишүүдэд захидал хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл ТББ-ын төлөөлөл "Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр, Их говийн дархан цаазат газрын А бүсэд Нарансэвстэй боомт бий. 1992, 1993 онд гурван ч удаа энэ боомтыг ашиглаж болохгүй, байгаль орчинд маш хөнөөлтэй, ялангуяа дэлхийд ганц Монголд үлдсэн мазаалай, хавтгай зэрэг олон амьтан устах нь гэж үзээд нээж болохгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр дахин нээх асуудлыг Засгийн газарт оруулах гэж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их говийн дархан цаазат газрын бүс нь Монголын урд хилтэй давхацдаг. Мөн мазаалай баавгайн бэлчээр тархац бүс, хавтгайн тархац нутаг энэ бүсэд бий. Гэтэл өчигдөр Ардчилсан Намын бүлгээс оруулж ирсэн мэдэгдэлд Говь-Алтайгаас Нарансэвстэй боомт руу тавих зам нь Их говийн дархан цаазат газрын А бүсийн дундуур зурагджээ. Тэд амьтанд хохиролгүй гэж хэлж байна.

Тэгвэл судлаачдаас авсан мэдээллээр тухайн тавих замыг нь дагаад зургаан булаг шанд, уст цэгүүд бий. Жишээлбэл нэг уст цэг дээр камер байршуулан ажиглахад жилд 500-1,000 удаа зэрлэг амьтад ирж ундаалсан байна. Зам тавигдвал уст цэг байхгүй болно, энэ олон амьтад очих боломжгүй болно.

Нарансэвстэйн боомтыг нээснээр ӨМӨЗО-оор дамжихгүйгээр төв Хятадтай Ганьсу мужаар холбогдож, эдийн засаг сайжирна гэж яриад байгаа. Монгол Улс өнөөдөр 39 боомттой. 39 боомттой байж амьдрал сайжрахгүй байгаа хэр нь ганц энэ боомтыг нээчхээр сайжирна гэж яриад байгааг ойлгохгүй байна

Баянхонгор аймгийн Шинэжинстээс Нарансэвстэйн боомт 320 километр. Энэ чиглэлд зам тавихад мөн л хамгийн том баян булгийг дайрна. Зөвхөн энэ гэлтгүй бусад газраас ч Нарансэвстэйн боомт руу зам тавивал хүмүүс А бүс дундуур явчихна. Үүнийг дагаад хоолны газар, ТҮЦ гэхчлэн бүх юм нэмэгдэж, А бүс тэр чигтээ байхгүй болно" гэв.

Д.Өсөхжаргал: Энэ бол Төв Азийн говь цөлийн амьтдын өлгий нутаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Сургуулийн багш Д.Өсөхжаргал "Говийн дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га, Б хэсэгтэйгээ нийлээд 6.5 сая га нутгийг хамардаг. Монгол Улсын хамгийн том хэмжээтэй дархан цаазат газар. Дэлхийн тусгай хамгаалалттай 120,000 газрын дээрээсээ 15-т эрэмбэлэгддэг хамгийн чухал дархан цаазат газар юм.

Энэхүү газар нь хамгийн уудам, цор ганц, дахин давтагдашгүй, орлуулшгүй говийн экосистемтэй учраас Үндсэн хууль, Тусгай хамгаалалтын тухай хууль гарахаас ч өмнө 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тусгай хамгаалалтад авахдаа дархан цаазат газраар авсан. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар баталгаажуулахдаа ч дархан цаазат газрын зэрэглэлээр тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ бол Төв Азийн говь цөлийн амьтдын өлгий нутаг.

Улс орон бүр өөрийн газар нутгаас нэмж тусгай хамгаалалттай газарт авахыг зорьж байхад бид 1975 онд тусгай хамгаалагдаж, 50 жил үйл ажиллагаа явуулсан тусгай хамгаалалттай газраа Нарансэвстэйн боомтыг ашигласнаар салхинд хийсгэхдээ тулж байна.

Уг боомтыг сэргээх заалт зөвхөн 2024 оны наймдугаар сарын 27-нд орж ирсэн. Энэ заалт "Алсын хараа 2050"-д ч байхгүй, "Шинэ сэргэлтийн бодлого", Дунд хугацааны хөгжлийн бодлогод ч байхгүй, ганц сондгой заалт.

Эрдэмтэд Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийг бүхэлд нь үгүйсгээгүй. Бид бүх боомтыг үгүйсгээгүй. Энэ бол зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дэр 3.3.2.8 буюу Нарансэвстэйн боомтыг сэргээж нээнэ гэсэн ганц заалттай л холбоотой. БНХАУ-тай хиллэдэг 12 боомт байхад эдгээр боомтынхоо менежментийг сайжруулж, үйл ажиллагааг нь нэмэгдүүлэхээ бодолцож үзээч.

Тусгай хамгаалалттай газар, тэр дундаа хамгийн ховор амьтадтай, хамгийн ховор экосистемтэй газраа битгий үгүй хийгээч. Та бүхэн анзаардаг бол говь гэдэг үг орчуулагддаггүй. Учир нь энэ экосистем зөвхөн Монголд л бий" гэв.