Уншиж байна ...

Энэ оны эхний 10 сарын байдлаар ГИХГ гадаадын 84,744 иргэнд цахим виз олгосон нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн дүн болов

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ) нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.

Тухайлбал энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84,744 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

зураг
 

Мөн 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байна. Ийнхүү техник технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндэс нь 2020 болон 2023 онуудад хийгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан гэдгийг өчигдөр ГИХГ-т Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажиллах үеэр танилцуулав.

зураг
 

Уулзалтын төгсгөлд байгууллагын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, сайд О.Алтангэрэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цагаачлалын чиглэлээр суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жигдрүүлэх асуудалд анхаарч ажиллах талаар чиглэл өгсөн юм.

Тус уулзалт, арга хэмжээнд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг болон Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албаны хүмүүс оролцсоныг ГИХГ-аас мэдээлэв.