Ням гарагт болж өнгөрсөн Молдова улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд одоогийн ерөнхийлөгч Майя Санду ялсан билээ.
Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаар Европтой ойртож нягтрахыг дэмжигч Санду 54 хувь, Кремльтэй найрсаг харилцаагаа хадгалах зорилготой Александр Стояногло үлдсэн саналыг нь авсан юм.
Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок өчигдөр тус улсад оршин суудаг молдовчуудын саналыг хураах ажлыг тасалдуулах томоохон ажиллагааг Оросын эрх баригчид зохион байгуулсан талаар мэдэгджээ.
Тухайлбал Хамбург, Франкфурт, Кайзерслаутен, Берлин хотууд дахь молдовчуудын санал хураах байранд тэсрэх бөмбөг байрлуулсан тухай сүрдүүлэг ирсэн юм байна.
Европын ардчиллын зүрх болсон Герман улсын нутаг дэвсгэрт ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь “Путинийг зогсоох аргагүй болсон”-ыг харуулж байна гэж Баербок анхааруулжээ.
Сонгуулийн өмнө саналыг мөнгөөр худалдан авах, санал хураах системд кибер халдлага зохион байгуулах зэрэг ажиллагаануудыг Оросын гар хөл бологчид явуулж буй талаар Молдовын эрх баригчид олон удаа анхааруулж байсан.
Москвад амьдардаг Молдовын олигархи Илан Шор олон сая ам.долларыг сонгогчдын саналыг худалдан авахад зориулж, Майя Сандугаас бусад аль ч нэр дэвшигчдэд саналаа өгөхийг молдовчуудад уриалж байв.
Германаас гадна Их Британийн Ливерпүүл, Нортхэмптон зэрэг хотуудын санал авах байруудын ажиллагааг тасалдуулахын тулд хуурамч тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг ирсэн тухай Молдовын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
Нөгөө талаар Европын Холбоонд улс орноо элсүүлэх зорилготой ерөнхийлөгч Майя Санду дахин сонгогдсонд Өрнөдийн орнуудын удирдагчид дараалан баяр хүргэцгээсэн байна.
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Олон сарын турш Орос улс Молдовын ардчилсан институцүүд, сонгуулийн үйл явцыг хорлохыг оролдсон. Молдовын ард түмэн өөрийн ирээдүйг сонгох эрхээ эдэлж, Европтой зэрэгцэн ардчиллын замаар хөгжих замыг сонголоо” гэж мэдэгдсэн юм.
Европын Холбооны удирдлагууд, Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар бас хүнд хэцүү нөхцөлд Молдова улс ардчилсан сонголт хийж чадсанд баяр хүргэцгээжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Молдовчууд эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдлын замыг сонголоо. Зөвхөн аюулгүй, энх тайван, нэгдмэл Европ л хүн бүр, гэр бүл бүрийн маргаашийн итгэл найдварыг баталгаажуулж чадна” гэж мэдэгдсэн байна.
2022 оны гуравдугаар сард Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний дараахан Украин, Молдов улсууд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаж байсан юм.
2022 оны зургаадугаар сард хоёр улс хоёулаа нэр дэвшигчийн статусаа авч байжээ.
ОХУ-ын гадаад хэргийн яам, Кремлийн хэвлэлийн алба Молдовын сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого явуулснаа няцаасан байна.
“Уг сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэх аливаа гүтгэлгийг бид эрс няцааж байна. Бид ийм үйл ажиллагаа явуулдаггүй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова уг сонгуулийг “Зөвлөлтийг задарснаас хойш Молдовт болсон хамгийн ардчилсан бус сонгууль” гэж тодорхойлсон байна.
Тэрбээр сонгуулийн үр дүнг Молдовын нийгмийн “гүн хуваагдлын илрэл” гэж дүгнэжээ.
Польшийн ерөнхий сайд Дональд Туск сонгуульд ялсан Сандуд баяр хүргэхдээ Мягмар гарагт болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бас Москвагийн төлөөний хүн ялагдана гэдэгт найдаж байгаагаа давхар илэрхийлсэн байна.
“Молдовын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Майя Санду хүнд хэцүү нөхцөлд Москвагийн төлөөний хүнийг ялсан нь тодорхой байна. Энэ хандлага ойрын өдрүүдэд бусад улс орнуудад ч бас үргэлжилнэ гэдэгт найдаж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!