Индэр    
2024 оны 11 сарын 5
Зураг
Судлаач проф.

НАЦИЗМ & РАДИКАЛ ИСЛАМИЗМ (1)

Зураг

“Тэнгэрт Аллах, газарт Гитлер”–1940 онд Сирид тархсан мусульманчуудын залбирлын үгс, уриа Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер

Ойрхи Дорнодод байдал бишдээд эхэллээ. Израиль руу Иран, Ирак, Сири, Йеменээс хамтран довтлох тухай цэргийн шинжээчид элдэв таамаг дэвшүүллээ. Бүр өнөө маргаашгүй, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, эсвэл АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орохоос өмнө Жүүдийн төрт-улсыг газрын хөрснөөс арчиж хаях тухай заналхийлэл Тегеран, Санагаас тасралтгүй түгж байна. Жүүд нар ямар гай тарьчихсан учраас тэгж үзэн ядалтын галыг өрдөнө вэ? Тэр тухай түүх сөхөж сонирхолтой баримт дэлгэе.

зураг
 

Дорнод Иерусалим дахь Палестины автономит нутаг дэвсгэрт 1999 онд хэвлэж худалдаанд гаргасан “Миний тэмцэл” (Mein Kampf) номыг Каирт би нэг араб танилаасаа олж үзсэн юмсан. Тэр ном 10 орчим ам.доллартай дүйцэх израиль шекелиэр гялалзтал зарагдаад бүр  бестселлер болсон ба одоо ч арабчуудын дунд эрэлттэй байгаа гэсэн. Өмнөх үг нь  “Адольф Гитлер хэзээ ч мартагдахгүй, тэр герман үндэстэнд үл хамаарна, учир нь тэр дэлхийн хүн учраас дэлхийд хамаатай” гэсэн өгүүлбэрээр эхэлжээ. Бүх дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулсан энэ түүхэн хүнийг ойлгох хэрэгтэй гэсэн уриалга дагалджээ. Ойлгохын тулд “Үндэсний Социализмын Евангел” болох Mein Kampf-ыг судлагтун, уншигтун, Гитлер үхсэнээр Үндэсний социализм огтхон ч мөхөөгүй юм гэсэн мөрүүд ярайж харагдана. Тэр оршил үгэнд бичсэнээр бол, Гитлер нь эмгэнэлээр дүүрэн, хамаг юмаа устгуулсан, домог болсон жирийн цэрэг,  Гитлер нь үзэл  суртал, үзэл суртлын асар их өв сан, өв сан нь улс төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл тэр чигтээ байх аж. Түүний өдүүлсэн дайн бол мөн л тэр чигтээ шинжлэх ухаан, соёлын өв гэнэ. Тухайн үедээ Багдадын номын мухлагуудад Саддам Хусейны ботиудтай зэрэгцээд Mein Kampf битүү чигжээстэй, Гитлерийн амьдрал тэмцлийн тухай Хусейны өөрийнх нь бүтээл ч бестселлер болж байсан ажээ.

Хүн төрөлхтөнд, ялангуяа европчуудад нацистуудын учруулсан асар их хохирлын тухай Дэлхийн II дайны болон Эх орны дайны тэмдэглэлт ойг угтуулан өргөн дэлгэр өгүүлдэг ба үнэлгээ дүгнэлт нь ч ерөнхийдөө адилавтар. Европ, Орос, Америк, Израилийн хувьд энэ дайн хийгээд түүнийг өдүүлсэн Германы нацистууд нэг л үнэлгээтэй бол харин Ойрхи Дорнодын арабын улсууд, зарим лалын орнуудад, мөн Иранд огт өөрөөр, бүр эсрэгээр үнэлж дүгнэж байх аж.

Англи-францын колоничлогчдоос салж тусгаар тогтнолоо олж авахад нь нацистын Герман гол өмөг түшиг байх тухай нийгмийн сэтгэхүй Араб дахинд хүчтэй тархсан яг тэр үед дэлхийн II дайн дуусч, арабчуудын итгэлийн гал хамт мөхсөн ч тэднийг холбох өөр нэг бат бэх холбоос үлдсэн билээ. Жүүдийн эсрэг нацистуудын уриа лоозон араб мусульманчуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Тиймдээ ч II дайны дараа нацистын гэмт хэрэгтнүүд үй олноороо Египет, Сири, Ирак, Судан, Саудын Араб, Йемен, арабын бусад улс руу дүрвэн гарч толгой хоргодсоны шалтгааныг мэдэж цөхөх юмгүй. Нюрнбергийн олон улсын шүүхийн шийдвэр жүүдийг үзэн ядагч мусульманчуудад падгүй. Загалмайтан асан нацистуудыг лалын шашинд элсүүлэхдээ арабчууд хөл алдан, цаадуул нь ч хэл үггүй исламд орж, нэрээ сольцгоон амь аврагджээ.

Иерусалимын их муфтий Хаж Амин аль-Хуссейни өөрөө биечлэн Освенцим, Заксенхаузен, Майданек зэрэг бөөнөөр хорих лагериудаар явж, жүүд нарыг хэрхэн хүйс тэмтэрч байгааг харж шалгаж явсан баримт хангалттай ил болж байна. Энэ ажлыг түүнд зориулан зохион байгуулдаг байсан СС-ийн гауптштурмфюрер Бруннер хожим нь муфтийн туслалцаатайгаар ялаас мултарч, Ойрхи Дорнод руу дүрвэн Дамаскт олон жил амьдарчээ. Дайны дараа СС-ийн маш олон цэргийн гэмт хэрэгтнүүдийг “Цагаачлалын асуудлаархи Араб-Германы төв” гэгчийн шугамаар тэр хамба Ойрхи Дорнод руу шингээсэн юм. Фельдмаршал Роммелийн албат хурандаа Ханс Мюллер гэгч энэ төвийг байгуулаад хамбын Каир дахь албан конторт байрлаж байв. Тэрээр лалын шашинт сирийн иргэн Хосан Бей гэгч нэрээр олон жил эсэн мэнд явсан юм.

зураг
 

1950-иад онд арабын орнуудад Вермахт, Гестапогийн 8000 орчим офицер бүгж байсан баримт байдаг. Израиль улс байгуулагдсаны дараа муфтий Амин аль-Хуссейни  нацистуудыг Египет рүү олноор нь оруулж бүгүүлэх үйлсийг санаачилсан ба лалын энэ хамбын буянаар Вермахт, Гестапо, СС-ийн олон офицер арабын армиудад хөлсөөр ажиллах болжээ.

Гитлерийн генерал Фармбахер тэргүүтэй 60 офицер ажилладаг германы албан бус цэргийн төлөөлөгчийн газар Египетэд 1951 он гэхэд ажиллаж байв. Тэд египетийн арми, цагдааг сургаж бэлтгэх сургалтыг хариуцаж, II дайны үед Украинд яргалал үйлдэж асан СС-ийн алуурчин Оскар Дирлевангер гэгч нь Насерын тушаалаар египетийн десантчдыг сургаж бэлтгэн Израиль руу илгээж байв. Алдарт Отто Скорцени Насерын дэргэд зөвлөхөөр нь ажиллаж, тус улсын улсыг аюулаас хамгаалах албыг нь бэхжүүлж байв. Египетийн улсыг аюулаас хамгаалах албаны суртал нэвтрүүлгийн хэлтсийг СС-ийн  обергруппенфюрер Мозер гэгч Хусса Налисман гэсэн араб нэрээр толгойлж, Египетийн төрийн нууц цагдаагийн газрыг Гестапогийн группенфюрер Генрих Зельман гэгч Хамид Сулейман гэсэн нэрээр удирдав.

Геббельс, Розенбергийн албат, расист онолыг сурталчлагч, “Вилле унд тат” гэх нацист сэтгүүлийн ерөнхий редактор Иоханн фон Леерс гэгч хожим лалд орж, араб хэлэнд нэвтэрч 1956 он гэхэд Ойрхи Дорнодын нацистуудын үйл ажиллагааны гол зохицуулагч болсон байлаа. Дайны дараа нь Леерс нь Аргентинд дарангуйлагч Пероны албанд зүтгэжээ. Тэгснээ Каирт нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг цуглуулах ажилд шилжсэн ба зартай нацист Ханс Апплер буюу Лалын  конгрессын нарийн бичгийн дарга Салаб Гафа гэх нөхөр шадарлан туслав. Леерс нь тухайн үедээ Египетийн Үндэсний хөгжлийн яамны зөвлөхөөр ажиллаж байв. Араб дорно дахинд нацизмын үзэл санааг дэлгэрүүлэх ажилд Риббентропын албаны араб дахины мэргэжилтэн барон фон Мильденштейн гэгч Леерсийн хамт зүтгэсэн байдаг юм.

“Холокост” хэмээх яргалалаа нацистууд Египет болон арабын зарим оронд дэлгэрүүлэхийг зорив. Хорих лагериар мэргэжсэн герман мэргэжилтнүүд шорон, гяндангуудыг олноор байгуулж, сөрөг хүчнийхнийг эрүүдэн шүүдэг өвөрмөц арга барилаа арабчуудад өвлүүлэв. Цэргийн гэмт хэрэгтэн доктор Эйзеле 1958 онд Каирт хүндэт зочноор морилон, СС-ийн эмч Виллерман Александриа хотын ойролцоох хорих газрын эмнэлгийн ангийг толгойлж байв.

Египет, Палестин, арабын хэд хэдэн улсад нацист ном зохиол, юуны өмнө Mein Kampf  өргөн тархаж судлагдаж, сурталчлагдаж байлаа. Дайны үед Каирт Германы мэдээллийн албыг толгойлж байсан нацист Эль-Хаж (жинхэнэ нэр нь Гейден) гэгч нацист ном зохиолын гол түгээгчээр 1950-иад оны турш ажиллаж байв. “Дойче националь-цайтунг” сонины 1959 оны нэг дугаарт мэдээлснээр, Каирын зөвхөн нэг номын мухлагт ганцхан өдөрт араб хэл дээрхи Mein Kampf 1000 ширхэг борлуулагдаж, ихэнхи уншигчид нь египетийн  армийн офицерууд байжээ. Леерс нацистуудыг каирын радиод олноор нь шургалуулав. 1958 онд “Нью-Иорк таймс мэгэзин” сэтгүүлийн нэг дугаарт бичсэнээр Израилийн эсрэг нацист суртал нэвтрүүлгийн маш хүчирхэг зэвсэг нь Каирын радио болж хувирчээ гэх баримтууд зөндөө байна.

Арабын ба исламын томчуудаас гадна Гитлер ба нацизмыг дэмжигч нь II дайны үед Ираны шиитийн шашны эрх баригчид, тэр дундаа хожмын Ираны лалын хувьсгалын удирдагч рахбар аятолла Хомейни гэх алдартан байжээ. Жүүдийг үзэн ядагч, нацизмыг талархагч гэдгээрээ Ирандаа алдаршсан аятолла Наваб Сафави болон алан хядах нууц байгууллагын толгойлогч Аболькасем Кашани нартай Хомейни нь хамтран ажиллаж байсан нь жүүдийг үзэн ядах хар зөн нь явсаар цаашаа Германы нацистуудтай далдуур нөхөрлүүлсэн хэрэг байв.

 

Үргэлжлэл бий..