Уншиж байна ...
Зураг
Зураг

Т.Навчаа: Өндөр тунгаар С, D витамин уух нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлдэг гэх баталгаа анагаах ухаанд байхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар "Zint" эмнэлгийн зөвлөх эмч Т.Навчаа дараах зөвлөгөөг хүргэлээ. 

Тэрбээр "Дархлаажуулалт хамгийн чухал. Томуу бол маш хүнд өвчин. Нялх хүүхэд, өндөр настнууд нас барах эрсдэлтэй байдаг учраас вакцин хийлгэж сэргийлнэ. Вакцин тарьснаас хойш 10-14 хоногийн дараа дархлаа үүсэж, дунджаар зургаан сар хадгалагддаг. Иймд жил бүр томуугийн вакцинаа хийлгэнэ.

Ээж аавууд "Манай хүүхэд жил бүр вакцин хийлгэдэг ч ханиад хүрээд л байдаг" гэж их ирдэг. Вакцин бол томуугаас сэргийлж байгаа болохоос ханиаднаас сэргийлээгүй. Ханиад бол томуугийн хажууд дийлэнхдээ тийм ч хүнд өвчин биш. 

Хоёрдугаарт, Гараа угаахад олон өвчнөөс, тэр дундаа амьсгалын замын халдвараас сэргийлж чадна. Өдөрт 6-10 удаа гараа угаах хэрэгтэй. Багадаа 30 секундийн хугацаанд өдөртөө 6-10 удаа гараа угааснаар олон өвчнөөс сэргийлж чадна.

Гуравдугаарт, Ханиаж найтаах соёлд суралцмаар байна. Зүгээр л ил задгай ханиагаад, найтаагаад байдаг. Гэтэл 3-4 метр үсэрдэг нян агуулсан нус, шүлс, цэр үсрээд агаарт 10 минут байж, биетийн гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдөр, зарим нь хэдэн долоо хоног болдог. Амаа нэг удаагийн  салфеткаар дарж, найтааж, ханиана. Гараараа дарсан бол тэр дор нь савантай бүлээн усаар 30 секунд угаагаарай. Хүүхдэд ханиах, найтаах соёлыг хоёр настайгаас нь сургана. Мөн өөрсдөө үлгэрлэнэ.

Дөрөвдүгээрт, Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд агааржуулалт их чухал. Уг нь 10 минутаар өдөрт хоёр удаа сэлгэхэд сайн агааржуулалт болно. Гэтэл өвөл -30 градус цонхоо нээх боломжгүй, мөн агаарын бохирдлоос шалтгаалж цонхоо нээхийг төдийлөн зөвлөдөггүй. Иймээс дотоод орчны агааржуулагч төхөөрөмжүүдээ сайтар шалгамаар байна. Агааржуулагч нар HEPA шүүлтүүртэй байх ёстой. Шүүлтүүрүүд сольж, цэвэрлэж байна уу гэдгийг анхаармаар байгаа. Гэртээ бол агаар цэвэршүүлэгч ашиглах хэрэгтэй. Таазны сэнс ашиглах нь агаарыг хөдөлгөөнд оруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэхэд нөлөө үзүүлдэг. Сэнс цагийн зүүний дагуу эргэвэл халуун агаарыг доош буулгаж, зундаа цагийн зүүний эсрэг эргэвэл халуун агаарыг дээшлүүлдэг. Мөн хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч гэж бий. Тааз болон хананы уулзвар цэгт байрлуулснаар вирус нянг сайтар устгадаг. Эдгээр төхөөрөмжийг ажил, гэр, сургууль, цэцэрлэгт ашиглаж, агаарт буй вирус нянгуудыг устгах боломж байна. 

Тавдугаарт, амны хаалтаа сайтар хэрэглэх.

Зургаадугаарт, зай барих. Хамгийн боломжит зай бол өөрийнхөө гарын урттай тэнцэх хэмжээнд зай барих юм. 

Долдугаарт, цэвэрлэгээ ариутгал. Цэвэрлэгээ хийснээр вирус нянг бага зэрэг цөөлдгөөс биш мэдэгдэхүйц багасгаж чаддаггүй. Ариутгал нь нэлээд багасгаж, халдваргүйжүүлэлт нь юу ч үгүй, бүгдийг нь устгана.

Гар угаах дээр дахин нэг зүйлийг хэлэхэд саван бүлээн усаар 30 секунд угаасны дараа нэг удаагийн цаасаар арчих ёстой. Гадуур хатаагч нар их байдаг болсон. Маш сайн гараа угааж, савангаа арилгасны дараа хатаагчид хатааж болохоос биш усаар угаагаад хатаагчид хатааж болохгүй. Учир нь дараа дараагийн хүмүүст вирус тараадаг нь судалгаагаар нотлогдсон. 

Өндөр С болон өндөр тунгаар D витамин уух нь томуу болон томуу төст өвчнөөс сэргийлдэг гэх баталгаа анагаах ухаанд байхгүй" гэв.