Уншиж байна ...
Зураг
Зураг

А.Оюунчимэг: Хүүхэд тайван үедээ амьсгалахдаа юм зурж байгаа мэт хяхтнаж байвал яаралтай эмнэлэгт хандаарай

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад ямар вирус эргэлтэд орж, өвчний шалтгаан болж буй талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэл өгсний дараа Эх , Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв(ЭХЭМҮТ)-өөс эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйлсийг зөвлөснийг хүргэе.

ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Наранзул "Сүүлийн долоо хоногийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лаборатори нь нийслэлийн дүүргүүд, орон нутгаас томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт хандаж, тусламж үйлчилгээ авч буй хүмүүст вирус илрэлт ямар байгааг шинжиллээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийт тохиолдлыг 100 хувь гэж үзвэл 31.7 хувьд нь ямар нэг төрлийн амьсгалын замын эмгэг төрүүлэгч илэрсэн. Үүнийг хэв шинжээр нь хуваахад таван төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн байна. 

  1. Аденовирус 12.2 хувь
  2. Реновирус 7.3 хувь
  3. Амьсгалын замын синцитиаль вирус 4.9 хувь
  4. Цар тахлын коронавирус 4.9 хувь
  5. Н-Томуу гэх томуу төст өвчин үүсгэдэг вирус 2.4 хувийг эзэлсэн" хэмээн танилцуулав.

Тэгвэл эдгээр вирус нь яаж өвчлүүлдэг талаар болон хүүхдүүддээ ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах талаар ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, Хүүхдийн эмч Оюунчимэг дараах зөвлөгөөг өгсөн юм.

"Гурав хүртэлх сартай хүүхэд 39-өөс дээшээ халуурах нь хүндрэх өндөр эрсдэлтэй"

Тэрбээр "Бид томуу болон томуу төст өвчин гэж ялгаж ярьдаг. Томуу бол А, Б хүрээний, ялангуяа 5 хүртэх насны хүүхдүүдийг уушгины хатгаагаар маш их хүндрүүлдэг өвчлөл. Үүнээс вакцинаар сэргийлэх нь чухал. Харин томуу төст өвчин бол 200 гаруй вирусээр үүсгэгддэг.

Аденовирус гэхээр нүд нь өвдсөн, реновирус гэхээр хамар нь битүүрсэн, параинфлүенза вирус гэхээр хоолой нь боогоод байгаа хүүхдүүд байх нь гэсэн үг. Синцитиаль вирус бол гуурсан хоолойн амьсгалын төгсгөлд нь гацаадаг, хатгаа үүсгэдэг вирус гэсэн үг юм. Ийм дөрвөн төрлийн вирус давамгайлж байна. Энэ мэдээ нь эмч нарт маш хэрэгтэй байдаг.

Одоогийн байдлаар харахад хүүхдүүдийн хүндрэл нэмэгдэж байгаа. Танай хүүхэд томуу, томуу төст өвчин туссан эсэхийг мэдэхийн тулд сүүлийн 10 хоногт ханиалгаж, халуурч, хоолой нь өвдсөн үү гэдгийг анхаараарай. Энэ гурван шинжийг ээжүүд сайн ажиглах хэрэгтэй байгаа.

Н-томуу гэж монголоор орчуулаад байгаа параинфлүенза вирус нь хүүхдийн хоолойг боочихдог. Амьсгал авахдаа юм зурж байгаа мэт хяхтнаж байвал та бүхэн удаж болохгүй. Хүүхэд унтаж чадахгүй амь нь тэмцээнд шөнө босоод ирдэг. Өглөө болгоё гээд оройтож болохгүй учраас 103 дуудна. Ачаалалтай байгаа учраас хүлээгдэж байвал хамгийн ойр эмнэлэгтээ яаралтай очих ёстой. ЭХЭМҮТ-д 24 цагт 460 хүүхэд ирж байгаа. 

Тайван үедээ хяхтнаа амьсгалтай байвал удаж болохгүйг дахин анхааруулъя. Ажигласан хэрнээ байгаад байж болохгүй. Төвөнх дээрээ бачуурсан байгаа хүүхэд яаж амьсгалах вэ.

Мөн уйлахад нь ажигла. Хэсэг уйлж байснаа амьсгал аваад больдог. Тэр үедээ эвгүй дуутайгаар амьсгал авч байвал хөнгөн зэргийн ларингит болж байна гэсэн үг тул эмч рүү явах ёстой.

Анхаарах ёстой өөр нэг асуудал нь халууралт. Айл өрх бүр халууны шилтэй баймаар байна. Духыг нь дараад үзэхэд халуурч байсан гэх биш халууны шилээрээ хэмжээнд хэд байсныг хэлэх ёстой. 38.5 ба түүнээс доош бол халууралтын хувьд аюул багатай. Гурав хүртэлх сартай хүүхэд 39-өөс дээшээ халуурах нь хүндрэх өндөр эрсдэлтэй

Түүнчлэн эмч нар цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар байнга асуудаг.

Цагаан халуурах - Царай нь цонхийж, гар, хөл нь хүйтэн, цээжний арьс нь эрээн байх. Энэ бол хүндрэх эрсдэлтэй. Цагаан халуурах нь өвчний үүсгэгч хорон байгааг илтгэнэ. Одоогоор илрээгүй томуугийн вирус, КОВИД байж болно, өөр нянгийн халдвар байж болно. Яаралтай эмнэлэгт үзүүлнэ. 
Улаан халуурах - Царай нь улаан, гар нь халуун, хөл нь мөлүүхэн, арьс нь эрээнтээгүй улаан байх. Энэ бол биеийн эсэргүүцлээрээ халуурч байна гэж үзнэ. Ийм хүүхдийг маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлж болно.

Хүүхэд халуурах нөхцөлд шулуун гэдсээр хийдэг 125 мг-тай парацетамол хийнэ. Том хүүхдэд 250 мг-тай парацетамол уулгана. Жаахан хүүхдэд шулуун гэдсээр хийх учир нь өндөр халуурч, уйлж байгаа хүүхэд эм уухгүй. Иймд шулуун гэдсээр нь хийж халууныг буулгана. 38.5 ба түүнээс дээш бол буулгана.

Кесараар төрсөн, бүтэлттэй төрсөн, ээж нь жирэмсэн байхад чангараад байсан бол хүүхдийг бол 38 хүртэл харж болно, 38.5 хүргэж болохгүй" гэлээ.

"Том хүүхдийг ээж аавууд анхаарахгүй байна. Уушгины дэлбэнгийн хатгаагаар 5-10 настай хүүхдүүд их ирж байгаа"

Хүүхэд хүндэрч байгаа эсэхийг мэдэхийн тулд хоёр зүйлийг маш сайн анхаарах ёстой аж.

  1. Халуураагүй байхдаа хоолонд дургүй.
  2. Халуураагүй байхдаа орчны сонирхол сул.

Хүүхдийн эмч А.Оюунчимэг "Хүүхэд халуурахаараа уйлагнаад хоолонд дургүй байдаг. Иймд халуун нь буурахаар хоол өгөхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг. Гэтэл халуун нь буучихсан хэр нь хоолондоо дургүй байвал хүндэрч байгаа хүүхэд гэсэн үг. Мөн халуураагүй байхдаа ч уйлагнаад ээжийгээ хормойдоод байвал хүндэрч байна гэж үзнэ.

Том хүүхдүүдийг ээж аавууд анхаарахгүй байна. Уушгины дэлбэнгийн хатгаагаар 5-10 настай хүүхдүүд их ирж байгаа. Өсвөр насны хүүхдүүдээ анхаараарай. Эмчийн хэлсэн эмчилгээг цаг тухайд нь хийгээрэй. Эмээ уугаад гурав хоногийн дараа ирээрэй гэсэн бол тэр цагт нь л оч. Тэр чигтээ алга болоод, зургаа хоногийн дараа хүндрээд ирдэг" гэв.