Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Баттөр: Томуугийн вакцин хийлгэхэд 26,000 төгрөг байдаг бол хүүхэд өвдөөд эм авахад 100,000-200,000 төгрөг давж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ) зэрэг мэргэжлийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр эрт арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал томуугийн эсрэг 320,000 хүн тун вакциныг есдүгээр сараас эхлэн хийлээ. Вакцины хамрагдалт одоогоор 90 хувьтай үргэлжилж байгаа. Иймд иргэдийн идэвхтэй хамрагдахыг уриалъя.

Цаашид вакцинжуулалтын үр нөлөөнөөс хамаарч ирэх жилүүдэд вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар судалж байгаа. Вакцин бол 26,000 төгрөг. Хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэх эсвэл эмийн сангаас эм авахад 100,000-200,000 төгрөг давсан өртөгтэй болдог. Иймээс вакцинжуулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх, судалгааны дүнд суурилан вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл, хүндрэл ямар байгааг дараа дараагийн хэвлэлийн хурлаараа танилцуулна" гэв. 

Мөн тэрбээр "Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Амьсгалын замын халдвараас хамгаалах дадал зуршил иргэдэд бий болсон байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх цаг болоод байна. 

Жишээлбэл амны хаалтаа зүүх. Автобус, олон нийтийн газар, эрүүл мэндийн байгууллагад амны хаалтаа зүүх хэрэгтэй. Эмч, ажилтнууд ч мөн амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, гараа сайтар угаах юм. Мөн дархлаажуулалтад хамрагдах нь чухал" хэмээлээ. 

ЭМЯ-наас долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагийн 11:00 цагт томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл өгч байхаар болжээ.