Уншиж байна ...
Зураг
Зураг

Ч.Уртнасан: Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5-9 насныханд томуу, томуу төст өвчний тохиолдол бага зэрэг нэмэгдсэн байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн аравдугаар сарын сүүлээс томуу, томуу төст өвчин идэвхжиж, арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхэн үед дэгдэлт оргил хүрдэг байна. Иймд урьдчилан сэргийлэх нь чухал байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж байна. 

Амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэний 5 орчим хувь нь томуу томуу төст өвчний шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногтойгоо ижил түвшинд байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдол нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн үзүүлэлт ажиглагдсан гэдгийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан "Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс уушгины үрэвслийн шалтгаант буюу амьсгалын замын хүнд цочмог халдварын шалтгаантай нь 21 орчим хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үе болон өмнөх долоон хоногтой нь харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байгаа нь ажиглагдлаа.

43 дугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин нь улсын хэмжээнд идэвхжлийн буюу "Шар" түвшинд байна. Тархалтын түвшинг 21 аймаг болон нийслэлд тус бүрд нь үнэлдэг.

Тодруулбал

  • "Ногоон" түвшинд нэг аймаг
  • "Шар" түвшинд Улаанбаатар хот болон 17 аймаг
  • Алаг цоог дэгдэлт буюу "Улбар шар" түвшинд хоёр аймаг байна. Энэхүү хоёр аймагтай тогтмол холбоотой ажиллаж байгаа.

Томуугаар өвчилж буй хүмүүсийг насны хувьд авч үзвэл 46 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд. Мөн 17 хүртэлх насны хүүхдүүд нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. 

Амьсгалын замын цочмог хүнд халдвар дотор 15 нас хүртэлх насныхан 85 хувийг, 5 хүртэлх насныхан 57 хувийг эзэлж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоног болон өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5-9 насанд бага зэрэг нэмэгдсэн байдал ажиглагдлаа. 

Олон жилийн судалгаанаас харахад 10 сарын сүүлээс эхлэн нэмэгдэж, арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхэн үед оргилдоо хүрдэг зүй тогтол бий" гэлээ. 

Харин эмнэлгийн орны хүрэлцээний талаар тэрбээр мэдээлэл өгөхдөө "Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 50 орчим хувь нь нийслэлийнх. Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар есөн дүүрэгт нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. 200 орчим ор дэлгэсэн.

Аймгуудад ор дэлгэсэн, орны ачаалал хэтэрсэн тохиолдол байхгүй. Яаралтай түргэн тусламжийн дуудлагын 12 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага эзэлж байна" хэмээв.