Уншиж байна ...

Словакийн засгийн газрын номын НӨАТ-ыг эрс өсгөх төлөвлөгөөг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Словакийн ерөнхий сайд Роберт Фико

Словак улсын барууны үзэл баримтлалтай засгийн газар номын худалдааны нэмүү өртгийн албан татварыг (НӨАТ) эрс өсгөхөөр болоод байна.

Номын татвар одоогийн 10 хувиас 23 хувь болж нэмэгдэхээр болж байгааг Словакийн сангийн сайд Ладислав Каменицки энэ долоо хоногт зарласан юм.

Үүнийгээ тэр номыг ихэвчлэн хүн амын чинээлэг хэсэг худалдаж авдаг тул төсвийн алдагдлыг бууруулахын тулд авах арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарлажээ.

Тус улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд НӨАТ-ын орлогыг 2025 онд 50 сая еврогоор өсгөхөөр ерөнхий сайд Роберт Фикогийн засгийн газар төлөвлөж байгаа юм.

Ингэхдээ бараа бүтээгдэхүүн бүрд харилцан адилгүй хандаж, хоол хүнс, эм, сурах бичгийг НӨАТ-аас чөлөөлөх буюу өмнөхөөсөө багаар тогтоохоор болжээ.

Төлөвлөгөөг Словакийн парламент баталсны дараа ирэх оноос хэрэгжих юм.

Ингэснээр Словак нь номын худалдаанаас өндөр татвар авдаг Европын хоёр дахь орон болно.

Дани улс одоогоор 25 хувийн НӨАТ-ыг номоос авдаг Европын цорын ганц орон юм.

Харин бусад бүх улсууд номын худалдаанд бага буюу тэг татвар ногдуулдаг.

Тухайлбал Их Британи, Ирланд, Норвеги, Чех улсуудад номын НӨАТ бүр тэг байдаг бол Европын Холбооны дундаж 6 хувь байгаа.

Латви улс 2009 онд номын НӨАТ-ыг 5-аас 21 хувь болгож өсгөсөн ч наймхан сарын дараа цуцалж байжээ. Номын борлуулалт эрс буурч, хэвлэлийн компаниуд дампуурахад хүрсэн тул шийдвэрээ буцаасан юм.

Фикогийн засгийн газар Словакийн төсвийн алдагдлыг ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас 4.7 хувь болгон бууруулах зорилготой байна.

Владимир Путин болон Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг хүндэлдэг түүний татварын төлөвлөгөө үзэл баримтлал нэгтнүүдийнх нь эсэргүүцэл, шүүмжлэлийг бас дагуулаад байгаа.

Тухайлбал Өрнөдийн эсрэг, Оросын талыг баримталсан хуйвалдааны онолын сэдэвтэй номоор дагнадаг Torden хэвлэлийн компанийн захирал уг төлөвлөгөөг “манай төрийн сэтгэлгээний уналт, доройтлын шинж” гэж дүгнэжээ. Путиний түүх, Ардчиллын завхралын талаар хэд хэдэн ном бичиж байсан Роберт Мерва ерөнхий сайдаа “гадаадын ашиг сонирхолд үйлчилж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Ер нь Фикогийн засгийн газар Словакийн соёл, урлагийн салбарт хатуу хандаж байгаа.

Өнгөрсөн сард тэр тус улсын үндэсний галерей, үндэсний театрын захирлуудыг ажлаас нь халсан юм.

“Иргэд маш их бухимдаж байна. Соёлын яам энэ улсын сүүлийн хэдэн арван жилд бүтээж босгосон бүх зүйлсийг устгаж байна” гэж Словакийн Ном Хэвлэгчид болон Худалдаачдын Холбооны ерөнхийлөгч Юрай Хегер хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian