Уншиж байна ...

Москва дахь Wildberries компанийн байрны гадна буудалцаан болох үеэр хоёр хүн алагджээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 04 минут
iKon.MN
Зураг зураг

Оросын онлайн худалдааны Wildberries компанийн Москва дахь байрны гадна өчигдөр буудалцаан болох үеэр хоёр хүн алагдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй гэгддэг Татьяна Бакальчукийн салсан нөхөр Владислав Бакальчук зэвсэглэсэн хүмүүсийн хамт байранд хүчээр нэвтрэхийг оролдох үеэр уг буудалцаан болсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Буудалцаанд оролцсон 30 орчим хүнийг баривчлах үеэр цагдаагийн хоёр ажилтан шархадсаныг хуулийн байгууллага бас мэдээлжээ.

Алагдсан хоёр хүн нь Wildberries компанийн хамгаалалтын ажилтнууд болохыг компанийн нэрээ нууцалсан эх сурвалжаас уламжлан ТАСС мэдээлсэн байна.

Владислав Бакальчук “агуулахын барилгын ажлыг зогсоох асуудлаар хэлэлцэх зорилгоор” багийн хамт Wildberries компанийн байранд ирээд халдлагад өртсөнөө ярьжээ.

Харин Татьяна Бакальчук “ямар ч тийм яриа хэлэлцээ төлөвлөгдөөгүй байсан” гээд экс нөхөр нь хүчээр нэвтрэхийг оролдсон тул хууль хүчний байгууллагаас тусламж хүссэнээ тайлбарласан байна.

“Бидэнд нуух зүйл байхгүй. Тиймээс энэхүү хэрцгий үйлдлийн цааш шалтгааныг мөрдөн шалгаж, үр дүнг нийтэд мэдээлэхийг би хүсэж байна. Азаар энэхүү булаан авах оролдлого амжилтгүй боллоо” гэж Татьяна ярьжээ.

Wildberries групп Russ Group компанитай нэгдэж, RWB нэртэй шинэ онлайн худалдааны платформ болох гэж байгаатай холбоотой маргаан өнгөрсөн зуны турш үргэлжилсэн юм.

Харьцангуй өөр түвшний хоёр компани нэгдэх болсон нь ховор үзэгдэл байлаа. Тухайлбал Wildberries нь Russ Group-ээс 20 дахин том компани юм.

Өнгөрсөн онд Wildberries 538.7 тэрбум рублийн ($2.7 тэрбум) орлоготой ажилласан бол Russ Group 27.9 тэрбум рублийн орлого олжээ.

Энэ нэгдлийг Кремльтэй ойр бизнесийн бүлэглэлүүд Украины дайнтай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас хөрөнгөө хувааж байгаа үзэгдэл гэж зарим ажиглагчид үзэж байгаа.

Тухайлбал дээрх наймааг ерөнхийлөгч Путин дэмжсэн юм.

Үүнтэй зэрэгцэн ноён, хатагтай Бакальчук нар долдугаар сард салсан нь маргааныг улам хурцатгасан байна.

Владислав компаниудын нэгдлийг эсэргүүцэж, Чеченийн удирдагч Рамзан Кадыровоос тусламж хүссэн юм.

Долдугаар сард Владиславтай уулзсаныхаа дараа Кадыров дээрх нэгдлийг “Энэ бол бизнесийн эзэмшлийг булаах гэсэн увайгүй үйлдэл юм” гэж дүгнэн хэлж байв.

Путиний дэмжсэн бизнесийн нэгдлийг Кадыров ийнхүү шүүмжилсэн нь гэнэтийн үйлдэл байлаа.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр Wildberries компанийн байранд халдахад Владиславтай хамт Кадыровын байгуулсан холимог тулааны клубийн хэд хэдэн тамирчид явсан байна.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Зураг
3 | 13 цаг