Startup Korea Investment Week-2024 арга хэмжээ БНСУ-ын Тэжон хотын Гун-донг дүүрэгт энэ сарын 2-5 хооронд зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээнд Монголын гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтын компаниуд оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан тохиролцжээ.
Гарааны компанийн инкубатор, хурдасгуур болох Сократус Стартап Студиогийн хөрөнгө оруулагч Гүнд Инвестмент компани Тэжон хотын Бүтээлч Эдийн Засаг Инновацын Төвтэй хоёр улсын гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Тус арга хэмжээг Тэжон хот болон Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдийн яамнаас Тэжон хотын Бүтээлч Эдийн Засаг Инновацын Төв, Чунгнам Их сургууль, Ханнам Их сургуультай хамтран зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд гарааны бизнес, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Startup Investor Conference” венчур хөрөнгө оруулалтын экосистем, цаашдын хөгжлийн талаарх сэдэвт семинар, хөрөнгө оруулалтын уулзалт, демо дэй, туршлага солилцох арга хэмжээ, үзэсгэлэн, тэмцээн уралдаан зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.
“2024 Startup Korea Investment Week” арга хэмжээ нь нүүр тулсан уулзалт, зөвлөгөөнүүд болон чөлөөт байдлаар зохион байгуулагдсан нь онцлох зүйл байсан бөгөөд Солонгос-Монголын хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлж, шинэ боломжуудыг бий болгох чухал алхам болсныг нийт оролцогчид тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!