Уншиж байна ...

Австрали улс сошиал медиа хэрэглэх насны доод хязгаарыг 16 болгох гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын эрх баригчид хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах хуулийг энэ онд багтаан батлуулахаар төлөвлөж буйгаа саяхан зарлажээ.

Эрх баригч зүүн төвийн намын засгийн газар хуулийн төслийг парламентад өргөн барихаасаа өмнө хэрэглэгчийн насыг баталгаажуулах системийг туршихаар төлөвлөснийг ерөнхий сайд Энтони Албаниз саяхан мэдэгдсэн байна.

Сошиал медиа хэрэглэх насны босгыг хэдээр тогтоох талаар асуултад тэр 14-16 насны хооронд байхаар төлөвлөж буйг мэдээлжээ.

“Хүүхдүүд маань дэлгэцээс холдож, хөл бөмбөг, теннисийн талбай, усан санд тоглож байхыг би хүсэж байна. Тэднийг бодит амьдралаар амьдарч, бодит хүмүүстэй харилцдаг болгохыг бид хүсэж байна” гэж тэр Australian Broadcasting Corp сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.

Өмнө үүнтэй ижил төстэй хязгаарлалт тогтоох санааг Европын Холбоо болон зарим улс орон хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтэж байв.

Австрали бол иргэд нь сошиал медиагийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг юм.

Тус улсын 26 сая хүн амын тавны дөрөв нь аль нэг сошиал платформын хэрэглэгч гэсэн тоо баримт байдаг.

2023 онд Сиднейн Их сургуулиас гаргасан судалгааны тайланд 12-17 насны австраличуудын дөрөвний гурав нь YouTube, Instagram хоёрын аль нэгийг хэрэглэдэг гэсэн баримт дурдагдаж байв.

Албанизийн засгийн газар сошиал хэрэглээ нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн үндэслэлээр насны хязгаар тогтоох зорилгоо тайлбарлаж байна.

Гэвч нөгөө талаас хүний эрхийн байгууллагууд ийм хязгаарлалт хүүхдүүдийн нийгэмд оролцох эрүүл оролцоог бууруулж, далд хэлбэрийн сөрөг хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж, салбар салбарын мэргэжилтнүүдийн санааг шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг засгийн газартаа уриалжээ.

 

Эх сурвалж: CNN