Уншиж байна ...

АНУ ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нь нөлөөлөх зорилготой Оросын үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой ажиллагаа явуулсанд Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгаж, хэд хэдэн хариу арга хэмжээ авсан байна.

Тухайлбал Оросын төрийн өмчит RT (Russia Today) телевизийн сувгийн хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж, Кремлийн суртал нэвтрүүлгийг тарааж, Украины дэмжлэгийг дэлхий дахинд сулруулах зорилгоор ашиглагдаж байсан интернэтийн 32 домэйн нэрийг хураажээ.

RT сувгийн ажилтнууд хуурамч нэрээр АНУ-ын Теннеси мужид бүртгэлтэй контент үйлдвэрлэгч компанийг хөлслөн Оросын суртал нэвтрүүлгийн агуулгатай 2,000 орчим дүрс бичлэг бүтээлгэснийг Холбооны Мөрдөх Товчоо илрүүлсэн юм байна.

Уг хэргийн сэжигтнүүдийг одоо эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдний захиалгаар ажилласан компани Оросын суртал нэвтрүүлэгт ашиглагдсанаа мэдээгүй байсан гэнэ.

“Өнөөдрийн зарласан шийдвэр нь гадаадын зарим улсын засгийн газрууд Америкийн ардчилсан институцийг сүйтгэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулдгийг тодорхой харуулж байна. Чөлөөт, шударга сонгуульд хөндлөнгөөс оролцох, үр дүнд нь нөлөөлөх санаатай гаднын хорлон сүйтгэгчдийг бид тэвчихгүй гэдгийг эдгээр засгийн газрууд мэдэж авах ёстой” гэж АНУ-ын төрийн департамент мэдэгджээ.

Оросын төрийн суртал нэвтрүүлгийн сүлжээ нь Америкийн олон нийтийг улс төрийн үзэл бодлоор хагаралдуулахдаа цагаачлал, гэмт хэрэг, Газын зурвасын дайн зэрэг эмзэг сэдвүүдээр худал хуурмаг мэдээлэл түгээж байсныг илрүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн 60 дахь сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдах юм.

Өнгөрсөн сард хэлсэн үгэндээ АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Лиза Монако сонгуулийн шударга байдалд заналхийлж буй хамгийн том хүчин зүйл Орос улс болсныг мэдээлж байжээ.

“Тэд ерөнхийлөгчийн болон конгрессын сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд тодорхой муж, тодорхой хүн амын бүлэгт чиглэсэн ажиллагаа явуулж байна. Тэд Оросын ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон нийтийн сүлжээгээр Америкчуудын санаа бодлыг урвуулахыг зорьж байна” гэж тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press