Мягмар гарагийн өглөө Украины зэвсэгт хүчин ОХУ-ын хилийн Курск мужийн нутаг дэвсгэрт халдан довтолсон нь Кремлийн эрх баригчдын санаанд ороогүй үйл явдал байлаа.
ОХУ-ын батлан хамгаалах яам Курск мужийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
Зарим эх сурвалжууд Украины арми Курскийн газар нутгийн гүнд 10 км хүртэл довтолж, ачаа тээврийн чухал төв Суджа хотод хяналтаа тогтоосон тухай мэдээлж байгаа.
Тэгвэл Пүрэвээс Баасан гарагт шилжих шөнө Украины зэвсэгт хүчин Курск руу илгээсэн Оросын нөөц хүчний цувааг замд нь амдаж устгасан тухай мэдээ ирж байна.
Сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгт эвдэрч сүйдсэн автомашинуудын тэвшинд олон тооны цэргийн цогцос хэвтэж байгааг харуулжээ.
Энэ отолт Украины хилээс 40 км зайтай оршдог Курск мужийн Октябрское дүүргийн Рылск хотын ойролцоо, E38 дугаар хурдны замын хэсэгт болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Уг цохилтын дараа ОХУ-ын батлан хамгаалах яам Курск руу бас нэг нөөц хүчний цувааг илгээж байгаагаа мэдээлжээ.
Өчигдөр Кремлийн эрх баригчид Курск мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбооны улсын хэмжээнд онц байдал зарласан байна.
Курск мужийн иргэд галт тэргээр нийслэл Москва хотод дүрвэн ирж буйг бас эх сурвалжууд мэдээлжээ.
Москвагийн Киевский өртөөнд буусан дүрвэгчдийн ихэнх нь очих газаргүй тул төрөл төрөгсдөө ирж авахыг хүлээж байсан юм.
Кремлийн эрх баригчид олон мянган дүрвэгчдийг тээвэрлэхийн тулд Курскийн чиглэлд нэмэлт галт тэрэг явуулж эхэлжээ.
Өчигдөр бас Суджа хотын оршин суугчид ерөнхийлөгч Путинд хандан дүрвэхэд туслахыг гуйж буйг харуулсан дүрс бичлэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!