Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас "Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт"-ын асуудлаар симпозиумыг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэ үеэр танилцуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Даваацэрэнгийн "Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлогын зорилт" илтгэлээс онцолж байна.
Соёлын өвд агуулагдаж байгаа үнэ цэнтэй зүйлсийг хамгаалахын тулд бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах түгээх, зохистой ашиглах үйл ажиллагааг цогц нэгдмэл байдлаар цаашид зохион байгуулахаар зорьж байгаа юм байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Даваацэрэн "Бид төрийн болон орон нутгийн өмчийн соёлын өвүүдийн бүртгэлийг нэлээд сайн хийсэн ч хувийн хэвшил, хувь хүмүүст хадгалагдаж байгаа соёлын өвүүдийг бүртгэж дуусаагүй байна. Үүнээс үүдэж төрөөс явуулж байгаа бодлого үйл ажиллагааны үр дүн хувь хүнд хадгалагдаж байгаа соёлын өв рүү хүрч чадахгүй байгаа юм.
Иймд ойрын хугацаанд соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хялбар, цахим орчинд нээлттэй байлгах арга хэмжээнүүдийг хийгээд эхэлсэн.
Судалгаа шинжилгээний ажил нь зөвхөн үнэ цэнтэй байдлыг тодорхойлох түвшинд хийгдэх биш соёлын өвийг оршин тогтнох, эх төрх байдалд эрсдэл учирч байгаа байдалд үнэлгээ хийх чиглэлд давхар явагдаж байх ёстой. Цаг хугацааны явцад хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байгаа вэ гэдэгт үнэлгээ хийх байдал хоцрогдсон. Иймд тогтвортой цаг хугацаанд давтамжтай хийдэг үнэлгээний ажил руу чиглүүлэхийг зорьж байгаа.
Сэргээн засварлах үйл ажиллагаа зөвхөн биет өв дээр яригдахгүй. Мартагдсан биет бус өвийг сэргээх асуудал ч яригдана.
Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаанд үндэсний хэмжээнд зарчим баримтлах хэрэгцээ шаардлага байгаа. Дэлхий дахинд соёлын биет бус өвийг сэргээн засварлах олон төрлийн технологиуд бий болсон. Гэхдээ монгол орны эрс тэрс уур амьсгал, температурын хэлбэлзэлтэй орон зайд соёлын өвүүд тогтвортой оршин тогтнох байдалд зохицохгүй байдал ажиглагддаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|