Уншиж байна ...

МАК компани Никкей форумд оролцож устөрөгч үйлдвэрлэх төслөө танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын хувийн хэвшлүүдийг төлөөлөн Ази-Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт болох “Никкей” форумд оролцлоо. Энэ үеэр Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын үйлдвэрийн төсөл болон бетон зуурмагийн үйлдвэрийн дэвшилтэт технологиудыг онцлон танилцуулсан байна. 

Токио хотноо 29 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг форумд дэлхийн улс орнуудын удирдагчид, эдийн засаг, бизнесийн салбарын манлайлагчид оролцож, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг, оролцоо, бүсийн хөгжил, тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм.  

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Барилгын материал борлуулалтын газрын захирал Х.Базарханд панел хэлэлцүүлэгт оролцож, “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах судалгааны талаар мэдээлэл өгсөн байна. “Монголын Алт” МАК ХХК нь 2023 оны наймдугаар сараас эхлэн  Японы “Unico International Corporation” компанитай хамтран нүүрснээс диметилийн эфир үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулахаар ажиллаж буй. Жилд 180,000 тонн диметилийн эфир үйлдвэрлэх хүчин чадал бүхий туршилтын үйлдвэр нь 2026 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа аж. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, оргил ачааллын үеэр дулаан хангамжийн дутагдал үүсэхээс сэргийлж, хотын төвөөс алслагдсан дүүргүүдийг жижиг оврын станцтай болгох боломж бүрдэх юм. 

Цаашлаад нүүрснээс устөрөгч үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Монгол орны зүүн бүсийн хүрэн нүүрснээс устөрөгч үйлдвэрлэх судалгаа хийн дээжийг нь ХБНГУ, БНХАУ-д шинжлүүлж, нүүрсний шинж чанарт тохирсон хийжүүлэлтийн технологийг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнд тулгуурлан эцсийн бүтээгдэхүүнээ Япон болон Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортлоход нэн тохиромжтой гэж үзэж байгаа юм.  

Түүнчлэн “Монголын Алт” (МАК) ХХК-ийн барилгын материал үйлдвэрлэлийн төслүүд Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Японы 100 гаруй жилийн түүхтэй “Айзава” групптэй хамтран өндөр чанарын бетон зуурмагийн үйлдвэр байгуулан ажиллаж буй. Ингэхдээ үйлдвэрлэлээс ялгарсан нүүрстөрөгчийн хийг цуглуулан шингэрүүлж, бетонд шахан түгжих, 3D бетон хэвлэлтийн технологийг ашиглан барилга барих, цахилгаан эрчим хүч гаргадаг бетон үйлдвэрлэх зэрэг дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.    

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол, Японы эдийн засгийн хорооны дарга, Х.Цүбай "Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл"-ийн харилцаатай. Тиймээс цаашид эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа улам бүр  өргөжүүлэн бэхжүүлэхийг хүсэж байна” хэмээн онцолсон байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.