Улсын Онцгой Комисс (УОК)-оос цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн байдлаар манай байгууллагаас гаргасан мэдээллээр Булган аймгийн нутгаар хүйтэн бороотой, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар их борооны цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн талаар сэрэмжлүүлэг мэдээ гаргасан.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнө Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар 12-оос цагаас бага хугацаагаар 60 мм-ийн тунадастай бороо орж, их борооны аюултай үзэгдэл ажиглагдлаа.
Булган аймгийн нутагт агаарын температур 5-9 градус, салхины хурд 6-13 метр, бороо 12 цаг хүртэл үргэлжлэн хүйтэн борооны аюултай үзэгдэл боллоо.
Өнөөдөр 14:00 цагийн байдлаар Төв болон Сэлэнгэ аймгаар буюу нутгийнхаа зүүн хагастаа бороо үргэлжлэх төлөвтэй байна. Говь тал руугаа хүчтэй шороон шуургатай. Зарим үед Дорноговь, Дундговь аймагт 28-31 км хүртэл ширүүсэж, шороон шуурга үргэлжлэх төлөвтэй байна.
Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар бороо үргэлжлэн орж, улмаар Хэнтий, Дорнод аймгийн нутгаар их бороотой цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилнэ. Бидний ажигласнаар энэ сарын 22-нд нутгийн зүүн хагаст их бороо үргэлжлэн ороод 23-нд нутгийн зүүн өмнөд хэсэг рүү шилжих төлөвтэй.
Түүнчлэн Хэнтийн уулархаг нутгаар агаарын температур буурч, нойтон цас орох тул хүйтэн борооны аюулт үзэгдэл болж магадгүйг анхааруулж байна. Өчигдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо их орсон тул гол ус үерлэх эрсдэл бий. Тиймээс үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг хүсье" гэж онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!