Уншиж байна ...
Зураг
Зураг

Аль НАМ дээд БОЛОВСРОЛД хамгийн ээлтэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн бэ?

ikon.mn
2024 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны сонгуульд оролцож буй 21 нам, эвслийн мөрийн хөтөлбөрт их дээд сургуульд эзэмших боловсролын талаар ямар, ямар зорилт дэвшүүлснийг харьцуулж, аль нам дээд боловсролд хамгийн ээлтэй зорилт дэвшүүлсэн талаар дүн шинжилгээ хийж үзлээ. Хамгийн өргөн хүрээтэй,  хамгийн олон, тодорхой зорилт дэвшүүлснээр нь эрэмбэлж танилцуулбал:

Ардчилсан нам дээд боловсролыг тусгай бүлэг болгон мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд бусад намуудтай харьцуулахад хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн олон зорилтыг буюу 21 зорилтыг дээд боловсролыг хөгжүүлэх чиглэлээр тусгаснаараа бусад намын мөрийн хөтөлбөрөөс ялгарч байна. Тухайлбал, Монгол Ардын Нам, Иргэний Зориг Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам дээд боловсролын талаар 6 зорилт, Хөдөлмөрийн Үндэсний Нам 5 зорилт, бусад намууд 4-өөс доош зорилтыг дэвшүүлжээ.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан судалгааны чадавхыг бэхжүүлэхэд хамгийн их анхаарал хандуулсан байна. Судалгаа, эрдэм мэдлэгийг улс, нийтийн өмч гэдэг утгаар үзэж, судалгааны санхүүжилтийг одоогийн 0.1%-иас ДНБ-ий 1%-д хүргэж нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх салбар дундын судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгааны менежментийг сайжруулах зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Мөн их, дээд сургуулиудад шилдэг эрдэмтдийг төвлөрүүлэхэд гадаадад суугаа эрдэмтдээ их сургуулиуддаа татан ажиллуулах, багш нарт гадаадад мэргэжлээ дээшлүүлэх тэтгэлэг олгох, эрдэмтэн багш нарын судалгааны англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилтуудыг тусгасан байна. Тэд дээд боловсролын хуульд тодорхой өөрчлөлт оруулж, их сургуулийн удирдах зөвлөл дэх улс төрөөс хараат бус хөндлөнгийн гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл зэрэг мэргэжлийн холбоодыг бие даасан болгох зэргээр их сургуулиуд болон академик мэргэжлийн байгууллагуудын засаглал бие даасан байдлыг сайжруулах, мөн бүс нутагт дээд боловсролын кампус байгуулж, гадаадад тэтгэлэгт хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх, бичил-кредитээр дамжуулан насан туршийн боловсролыг дэмжих өргөн хүрээний тодорхой 21 зорилтыг тус тус дэвшүүлжээ.

Нам, эвслүүд, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

Монгол Ардын Нам нь дээд боловсролд хамаатай 6 зорилт дэвшүүлсэн байна. Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгааны экосистемийг бий болгох гэх мэт хэт ерөнхий зорилтыг дэвшүүлсэн байна. Арай тодорхой нэг зорилт нь 2 их сургуулийг дэлхийн шилдэг 1000 сургуулийн зэрэглэлд оруулах зорилтыг тусгасан боловч яаж гэдэг талаар тодорхой тусгаагүй байна. Тэд гадаадад ажиллаж байгаа Монгол эрдэмтэн судлаачдыг татах, багш бэлтгэх хөтөлбөрүүдийг дэмжих,  бүс нутгийн дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан сайжруулах, гадаадад суралцах оюутны тэтгэлгийг нэмэгдүүлж сонгон шалгаруулалтыг ил тод болгох зорилтыг тус тус дэвшүүлжээ. Сүүлийн 4 жилд дээд боловсролын бодлогыг барьж явсан эрх барьж буй намын мөрийн хөтөлбөр гэхэд дээд боловсролд зорьж буй зорилтууд нь хэт ерөнхий, харьцангуй цөөн хүрээг хамарсан байдалтай байна.

ХҮН нам нь мөн харьцангуй цөөн зорилт буюу 5 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд судалгааны их сургуулийг инновацад суурилсан институт болгон хөгжүүлэх, их сургууль компанийн түншлэлийг дэмжих, их сургуулийн бие даасан байдлыг баталгаажуулахаас гадна  зах зээлийн зарчмыг дээд боловсролд нэвтрүүлэх зорилтыг тусгажээ. Их, дээд сургуулийн чанарыг сайжруулж, элсэлтийн шалгалтын оноог нэмэгдүүлэх замаар чанаргүй их дээд сургуулиудын тоог цөөрүүлэх бодлого баримтлахаар зорьсон байна. Мөн дээд боловсролыг илүү уян хатан болгоход ахлах сургуулийн кредитийг хүлээн авах замаар богино хугацаанд суралцах боломжийг нэмэгдүүлэх, карьер хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан мэргэжил сонголтыг оновчтой болгож, ахлах сургууль их сургуулийн холбоосыг сайжруулах талаар цөөн боловч тодорхой зорилтуудыг тусгасан байна.

Иргэний Зориг нам болон Эх Орончдын Нэгдсэн нам тус тус 6 зорилт дэвшүүлсэн нь одоогийн парламентад суудалгүй байгаа намуудаас дээд боловсролд чиглэсэн хамгийн олон зорилтыг дэвшүүлжээ. Эрдэм шинжилгээ судалгаа, оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх талаарх бусад намуудтай ижил ерөнхий зорилтуудаас гадна Эх Орончдын Нэгдсэн нам дэлхийн болон Азийн шилдэг их сургуулиудын салбарыг Монголд байгуулах,   Иргэний Зориг нам нь оюутнуудын цагийн ажил хийх боломжийг нэмэгдүүлэх талаар мөн зорилт дэвшүүлсэн байна.

Социал Демократ нам, Либертари Ардчилсан нам, Шинэ Эвсэл нам, Эх Орны нам, Сайн нам тус бүр 3 зорилт дэвшүүлсэн бол бусад намууд 0-2 зорилт дэвшүүлсэн байна. Эдгээр намууд судалгааны чадавхыг дээшлүүлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэх, академик хөтөлбөрүүдийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, дээд боловсролын чанарыг реформ хийх зэрэг ерөнхий нийтлэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Эцэст нь дүгнэхэд ихэнх намын мөрийн хөтөлбөрт их сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааг онцгойлон анхаарч, судалгааны санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, судалгаа инновацын нийгэм эдийн засгийн нөлөөг дээшлүүлэхийг зорьсон байгаа нь сайшаалтай боловч тус зорилт нь сүүлийн 30 жилд сонгуулийн мөрийн хөтөлбөр болгонд он улиран тусгагдсан ч ямар ч дорвитой өөрчлөлт оролгүй ирснийг мөн дурдахгүй байхын аргагүй юм. Намуудын боловсролын талаарх зорилтуудыг авч үзэхэд ихэнх зорилт нь ерөнхий боловсрол руу чиглэсэн байгаа бол Ардчилсан нам бүх шатны боловсролыг хамруулахын зэрэгцээ дээд боловсролыг илүү нухацтай олон талаас нь авч үзсэн, илүү тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн нь ажиглагдаж байна. 

Нам, эвслүүд, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

Нийтлэл бичсэн:

Orkhon Gantogtokh