Уншиж байна ...

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа спортынхон

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 11
IKON.MN

Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуульд 1,336 хүн нэр дэвшихээр батламжаа өчигдөр гардан авлаа. Тэдний дунд олны танил спортынхон хэд хэд бий. Тодруулбал улс, аймгийн цолтой бөх, паралимпын анхны аварга, жүдо, самбо бөхийн дэлхийн аварга багтжээ.

УЛСЫН ГАРДИ Ц.ЦЭРЭНПУНЦАГ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Завхан нутгийн хүчит гарди Ц.Цэрэнпунцаг өдгөө туршлагатай улс төрч болжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө МАН-аас төрсөн нутагтаа нэр дэвшиж 18,828 буюу нийт саналын 49.8 хувийг авснаар төрийн түшээ болж байв. Энэ жилийн сонгуулиар Ховд, Увс, Завхан, Говь-Алтайг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт "Морьтой аравт"-ын нэг болчихсон давхиж явна.

САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА Х.БАТТУЛГА

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2004-2016 он хүртэл гурван ч удаа УИХ-д Баянхонгороос нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга самбо бөхийн ДАШТ-ээс алт (1983), хошой мөнгө (1986, 1990), хүрэл (1988) медальтай нэгэн. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймгийг багтаасан дөрөвдүгээр тойрогт Ардчилсан Нам (АН)-аас дэвшиж буй юм.

ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА Х.ЦАГААНБААТАР

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олимпын хүрэл (2004), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2009), хүрэлтэй (2010) Хашбаатарын Цагаанбаатарыг жүдо сонирхогчид андахгүй. Их спортоо орхисноос хойш "Цагаанбаатар академи" нээж хүүхдүүдэд жүдо зааж байсан тэрбээр энэ жилийн сонгуульд Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-аас Төвийн бүс буюу тавдугаар тойрогт нэр дэвшихээр болсон. 

Энэ талаар "Ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургууль болон "Цагаанбаатар академи"-ийг нээж, боловсролын салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж явна. Тамирчин байхад тулгамддаг байсан асуудлууд, сурагч байхад туулсан зовлон өнөөдөр ч миний шавь нарт тулгарч, өдөр бүр л хуулийн цоорхойд өртөж байгааг хамтдаа мэдэрч буй багш хүний хувьд өөрийн сурсан, үзсэн, судалсан, бүхнээ шингээж, ирээдүй хойчдоо зөв нийгмийг үлдээхийн тулд сонгуульд нэр дэвшихээр шийдсэн" гэж тайлбарлажээ.

УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2001 онд улсын начин Н.Бүрэнбаатараар зургаа давж өсөх идэр начин цол хүртэж, гурван жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага болсон Г.Ганхуяг өдгөө "Босоо Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн гэдгээрээ олонд танигдсан. 

Г.Ганхуяг энэ сонгуульд Шинэ Нэгдсэн Эвсэл (ШНЭ)-ээс дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт өрсөлдөх аж.

АЙМГИЙН АРСЛАН Б.АРИУН-ЭРДЭНЭ 

зураг
 
Өөрийнх нь Facebook хуудаснаас авав.

Жүдо, самбо бөхөөр Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-д олон удаа түрүүлж, 2003-2013 оны хооронд шигшээ багт данстай явсан Б.Ариун-Эрдэнэ 2020-2024 онд төрөлх Булган аймгийнхаа Засаг даргаар ажилласан билээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Х.Баттулгын хамт АН-аас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж байна.

ПАРАЛИМПЫН АВАРГА Д.БААТАРЖАВ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Паралимпын анхны аварга, байт харваач Д.Баатаржав ШНЭ-ийн жагсаалтын есдүгээрт жагсаж буй. Тэрбээр дөрвөн жилийн өмнө тус эвсэлээс нэр Хэнтий аймагт нэр дэвшиж 243 хүний санал авч байв. 

СПОРТЫН СЭТГҮҮЛЧ Н.ТАМИР

зураг
 
Өөрийнх нь Facebook хуудаснаас авав.

Монголын спортын анхдагч телевизийн суваг "ОДОД ТВ"-ийн Н.Тамир гэдгээрээ олонд танигдсан ШНЭ-ээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болжээ. 

БУСАД

зураг
 

"Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний багш, аймгийн арслан Г.Батпүрэв Иргэний Хөдөлгөөний Нам (ИХН)-аас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж байна. Тэгвэл 2000 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж байсан Ш.Бямбатогтох Үндэсний Эвсэл (ҮЭ)-ээс зургаадугаар тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт өрсөлдөх аж. 

Цагтаа УИХ-ын гишүүнээр ажилласан А.Сүхбат аваргын ах, тод манлай уяач А.Батсүх ШНЭ-ээс тавдугаар тойрогт сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бол даян аварга Н.Батсуурийн төрсөн эгч Н.Энхчимэг ҮЭ-ээс Баянгол дүүрэгт өрсөлдөх юм.