Дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг Apple өчигдөр буюу Даваа гарагт жил тутмын WWDC (World Wide Developers Conference) чуулганаа нээж, программ хангамж хөгжүүлэлтийн ойрын үеийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тус компанийн гол бүтээгдэхүүн болох iPhone гар утасны Siri дуу хоолойгоор харилцдаг туслагч болон үндсэн үйлдлийн систем нь OpenAI компанийн ChatGPT платформоор хүчирхэгжихээр болжээ.
Apple төхөөрөмжүүдийг удирдахад хялбар болгох энэхүү хиймэл оюуны шинэ системээ “Apple Intelligence” гэж нэрлэсэн байна.
Ирэх намар iPhone болон Mac үйлдлийн системүүд шинэчлэгдэхэд хиймэл оюуны боломжууд нэмэгдэх ажээ.
“Apple Intelligence” нь бие даасан бүтээгдэхүүн биш. Apple-ийн системийн салшгүй нэг хэсэг болж, iPhone, iPad, Mac бүтээгдэхүүнүүдийн аппликэйшн бүрийн ард давхар ажиллана.
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк уг алхам нь тус компанийн бүтээгдэхүүнүүдийг “шинэ өндөрлөгт хүргэх”-ийг амласан байна.
“Энэхүү систем нь таны iPhone, iPad, Mac бүтээгдэхүүнүүдийн гол цөмд хүчирхэг generative загваруудыг суулгана. Энэ нь танд хамгийн хэрэгтэй, хамгийн хамааралтай зүйлсийг өгөхийн зэрэгцээ алхам тутамдаа таны хувийн нууцыг хамгаалах юм” гэж Apple компанийн программ хангамж хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Крэйг Федериги тайлбарлажээ.
Сүүлийн саруудад технологийн томоохон компаниуд бүгд хиймэл оюуны өрсөлдөөнд ямар нэг байдлаар оролцож эхэлсэн. Харин Apple компанийн хувьд энэ тал дээр нам гүм байсан юм. Хиймэл оюуны өрсөлдөөний гол тоглогчид болж тодорсон Microsoft, Nvidia компаниуд энэ он гарснаас хойш зах зээлийн үнэлгээгээр Apple-ийг гүйцэж түрүүлээд байгаа.
Тиймээс WWDC 2024 чуулганы үеэр Apple ямар нэг шинэчлэл зарлах зайлшгүй шаардлага бий болоод байв. ChatGPT платформыг системдээ шингээснээр Apple хиймэл оюуны өрсөлдөөнд хоцорсон хугацаагаа нөхөх боломж гарч байна.
Apple, OpenAI компаниудын түншлэлийг өчигдөр хүн болгон талархалтай хүлээж аваагүй юм.
Тухайлбал тэрбумтан Илон Маск үүнд нэлээд бухимджээ.
Тэрбээр өөрийн удирддаг компаниудад “мэдээллийн аюулгүй байдал”-ын шалтгаанаар iPhone хэрэглэхийг хориглохоор сүрдүүлсэн байна.
“Таны мэдээллийг OpenAI-д шилжүүлсний дараа юу болохыг Apple мэдэхгүй болж байна. Тэд таны хувийн мэдээллийг зардаг болох гэж байна” гэж тэр Х хуудсандаа шүүмжлэн бичжээ.
Даваа гарагт Apple компанийн зарласан бусад шинэчлэлтүүдээс дурдвал:
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!