Уншиж байна ...

"Нэг судалгаанд ₮20 орчим саяыг зарцуулдаг. Ийм бага мөнгөөр судалгаа хийгээд үр дүнд хүрнэ гэдэг их гэнэн мөрөөдөл"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд манай улсын хөгжил дэвшилд хүрээгүй, өрсөлдөх чадвар нэмэгдээгүй, нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) бидний хүссэн хэмжээнд хүрээгүй, ажилгүйдэл, ядуурал, Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлууд бүгд шинжлэх ухааны салбартай холбоотой.

Тиймээс Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд шинжлэх ухааны салбар ямар оролцоотой байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын түүхэнд анх удаа ерөнхий сайд нь Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг даргалах болсон. 

Уг зөвлөл нэг бус удаа хуралдаж шинэ сэргэлтийн бодлогыг 2030 оноос хойш шинжлэх ухааны инновацын хөгжлийн бодлого гэж тодорхойлсон юм.

Харамсалтай нь үе үеийн Засгийн газар Үндсэн хуулиа зөрчиж иржээ. Тодруулбал Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт буй Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэх хэсэгт эхлээд шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогоо зарлаж, УИХ-аар батлуулаад үүнийхээ дараа эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөл, бодлого батлах журамтай.

Гэтэл 1990-ээд оноос хойш үе үеийн Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй байна. Ийм алдаа гарсан учраас шинжлэх ухааны хөгжил суларч, эдийн засагтаа шингээж чадаагүй тул өрсөлдөх чадваргүй, эдийн засагтай улс болоход нөлөөлжээ гэж үзэж болно.

Хоёрдугаарт 1994 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал" гэж бүлэг байлаа. Гэтэл 2010 оны өөрчлөлтөөр энэ бүлгийг хассан. Энэ бол манай улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал юм. Энэ бол санаатайгаар хийсэн зүйл гэж үзэж байгаа.

Шинжлэх ухааны салбарыг зөвхөн Боловсролын яамд харьяалагдах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Салбар дамнасан систем болгож хөгжүүлсэн улс орнууд эрчимтэй хөгжиж байна. Тиймээс цаашид төрийн оролцоотой шинжлэх ухааны салбараа яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. 

Манай улс шиг Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс үгүй. 

Тиймээс яамнуудын уялдаа холбоог хөгжүүлсэн систем бидэнд зайлшгүй хэрэгтэй.

Мөн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн, байгууллагуудад хийж буй судалгааны ажлын санхүүжилтийг уян хатан болгох шаардлагатай байна. Одоогоор хоёр эх үүсвэрээр санхүүжилтийг нь шийддэг. Улсын төсвөөр эрдэмтдийнхээ урсгал зардлыг санхүүжүүлдэг бол нөгөө хэсгийг нь "Шинжлэх ухаан, технологийн сан"-гаар дамжуулан сүүлийн 10 гаруй жилд 4,500 орчим судалгаа, шинжилгээг санхүүжүүлэхэд зориулж ₮170 гаруй тэрбумыг зарцуулсан баримт бий.

Гэвч энэ 4,500 судалгаа яг үр өгөөжөө өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Ийм сул тогтолцоог олон улсад шинжлэх ухаан, технологийн "үхлийн хөндий" гэдэг. Яагаад ингэж нэрлэдэг вэ гэвэл төрийн оролцоотой хийгдэж буй судалгаа гурван үе шат дамжих ёстой. Эхнийх нь суурь судалгаа, хоёрдугаарт нь инновацын хөгжүүлэлт, гуравдугаарт бизнесийн хөгжүүлэлт гэж явдаг. Гэтэл манайд зөвхөн судалгаа хөгжүүлэлтэд нь эхлэлийн санхүүжүүлэлтийг л өгдөг. Одоогоор нэг судалгаанд 20 орчим сая төгрөг зарцуулдаг. Ийм бага мөнгөөр судалгаа хийгээд үр дүнд хүрнэ гэдэг их гэнэн мөрөөдөл.

Тиймээс шинэ хуулиар дараах асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцож байна.

  • Суурь судалгаанаас бизнесийн хөгжүүлэлт хүртэлх санхүүжилтийн циклд орох
  • Гадаадад ажиллаж буй эрдэмтдээ ашиглах зорилгоор дундын лаборатори байгуулах
  • Багш нарыг дэмжих зорилгоор цалинтай докторын сургалтууд хийх
  • Бүтцийн шинэчлэл хийнэ" гэж ярилаа.