Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сарантуяа: Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэдэг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяатай ярилцлаа.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй хичээлийг 30 орчим жил зааж, энэ сэдвээр хэд хэдэн ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тухай эдгээр болон өмнөх хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсэгт ажиллаж ирсэн юм.

- Хуулийн төсөлд Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгох нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгч байхаар тусгажээ. Энэ заалтыг Үндсэн хуулийн 65.5-т “Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно” гэж заасантай зөрчилдөнө гэх зарим эрдэмтэн ярьжээ. Харин, хууль санаачлагч Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэж үзэж буй учраас Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг өндөрсгөөд зогсохгүй Улсын дээд шүүхээс Цэцэд санал болгох гурван гишүүн заавал хяналтын шатны шүүгч байхаар зохицуулсан гэж чуулган дээр ярьж байсан. Энэ талаар таны байр суурь юу вэ? Энэ зохицуулалт Үндсэн хуулийн 65.5-ыг үнэхээр зөрчих үү?

- Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг сахин хамгаалах чиг үүрэг бүхий шүүх юм. Иймд шүүхийн журмаар ажиллана. Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүгчдээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр төсөлд орсон нь Цэцийн маргаан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн үйл ажиллагааны зүй тогтолд илүү нийцүүлэхэд дөхөмтэй.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 6-т зааснаар, хяналтын шатны шүүхийн шүүгч Цэцийн гишүүнээр томилогдсон бол түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас нь “чөлөөлөх” заалтыг Шүүхийн тухай хуулийн 40.2.10-т оруулахаар тусгажээ. Иймд энэ хоёр албыг зэрэгцүүлж хашихгүй тул Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөх боломжгүй.

Зарим улсад үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилуулах дээд шүүхийн шүүгчийн тоог хуульчилсан байна. Жишээ нь ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүх хоёр танхимтай, нийт 16 шүүгчтэй. Үүнээс зургаа нь буюу танхим тус бүрд 3 шүүгч Холбооны дээд шатны шүүхийн шүүгч байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн шүүхийг шүүхийн зүй тогтлоор нь ажиллах боломжийг хангах зорилготой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульд заасан бусад байгууллагаас нэр дэвшиж байгаа хүн дээрх болзлыг хангасан байх шаардлагагүй.

- Цэцийн тухай хууль тогтоомжийн төслийн томоохон шинэчлэлийн нэг бол Цэц үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх зохицуулалт гэж хуульч санаачлагч нар хэлж байгаа. Гэтэл, зарим хүн Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэвэл шүүхийн шийдвэрийг хянах болж, Үндсэн хуулийг зөрчинө гэж ярьжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 50.1-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх”-аар заасныг зөрчинө. Мөн Үндсэн хуулийн 66.2-д “шүүхийн шийдвэр”, “Дээд шүүхийн шийдвэр” Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр заагаагүй гэжээ. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү? Одоогийн Үндсэн хуулийн хүрээнд Цэц үндсэн эрхийн маргааныг тухайн иргэний өргөдлөөр хянан шийдвэрлэхээр хуульчлах боломжтой юу?

- Үндсэн хуулийг хамгаална гэдэг нь үндсэн эрхийг хамгаалахтай агаар нэг. Учир нь Үндсэн хууль нь үндсэн эрхийг ард иргэддээ эдлүүлэх баталгаа нь байх учиртай. Улсын дээд шүүх салбар хууль зөрчигдсөн эсэхийг хянадаг. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байна гэдэг нь Дээд шүүхийн хэрэглэж байгаа салбар хуулиудад хамаарна. Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэсэн Дээд шүүхийн шийдвэр эцсийнх л байна. Дээд шүүх бусад хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг Цэц хянахгүй.

Харин ердийн болон дагнасан шүүхүүд салбар хуулийг хэрэглэхдээ Үндсэн хуулийг буруу ойлгож, тайлбарлах явдал гарахаас болгоомжилж үндсэн хуулийн шүүхүүд дээд шатны шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд хэмжин хянадаг зүй тогтол байдаг.

Ердийн нэг жишээ татахад шүүх хуралдаанд бичлэг хийхийг зөвшөөрөөгүй нь мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэж иргэд үзээд бүх шатны шүүхээр яваад заргаа авч чадаагүй тохиолдолд үндсэн хуулийн шүүхэд хандах боломжтой болно гэсэн үг.

Үндсэн хуулийн шүүх нь мэдээлэл авах эрхийн цар хүрээг үндсэн хуулийн эрх зүйн үүднээс тодорхойлоод, шүүхийн танхимд бичлэг хийх нь мэдээлэл авах эрхэд хэр хамаарч байгаа эсэхийг, мэдээлэл авах эрхэд энэ тохиолдолд хязгаар тавигдах эсэхийг тогтоож эдгээр иргэдийн Үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрх зөрчигдсөн эсэхийг тогтооно гэсэн үг.

Хэрэв холбогдох шүүхийн хэрэглэсэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүх уг хуулиа үндсэн хуульд нийцүүлэхийг хууль тогтоогчид үүрэг болгох учиртай. Цэц үндсэн эрхийн хяналт хэрэгжүүлдэг болбол, Цэц нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй, харин Улсын дээд шүүх шийдвэрээ Үндсэн хуульд нийцүүлж өөрөө өөрчлөхөөр хуулийн төсөлд орсон юм. 

Үндсэн хуульд Дээд шүүхийн шийдвэрийг Цэц хянана гэж хуульчлах зайлшгүй шаардлага байхгүй. Дээд шүүх болон бусад шүүхүүд иргэдийн эрхтэй холбоотой асуудал шийдвэрлэдэг тул үндсэн эрхийн маргаан шийдвэрлэнэ гэж заахад хангалттай. Шинжлэх ухаанд, мөн улсуудын практикт үндсэн эрхийн хяналт түгээмэл хэрэгждэг бөгөөд үүнийг нэг мөр ойлгодог юм билээ. 

- Өргөн мэдүүлсэн төслөөр иргэн Үндсэн хуулийн 66.2.1, 66.2.2-т заасан буюу хууль, зарлиг, Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Цэцэд гаргах эрхийг хассан гэж шүүмжилжээ. Төсөлд үнэхээр ийм агуулга орсон уу?

- Шүүхэд мэдээлэл гаргах эрхийг Венецийн комисс, мөн олон жил тогтвортой ажиллаж байгаа үндсэн хуулийн шүүхтэй улсууд дэмждэггүй. Учир нь энэ нь үндсэн хуулийн шүүхийг улс төржүүлэх, шүүхийн зүй тогтлоор ажиллах нөхцөлийг хязгаарлах арга хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ Шинэчилсэн найруулгын төсөлд энэ эрхийг хасаагүй үлдээсэн.

Харин “нийтийн ашиг сонирхлыг” хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн 66.2-т заасан маргаантай асуудлаар Цэцэд хандаж мэдээлэл гаргана гэж тодотгожээ. Цэцэд хандах хугацааны талаар шинэ зохицуулалт орсон. Тэгэхлээр хуульд заасан хугацааны дотор мэдээлэл гаргана гэсэн үг. Харин хууль болон УИХ-ын шийдвэрийн талаар хэдийд ч мэдээлэл гаргаж болохоор төсөлд зохицуулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын шийдвэрийн талаар мэдээлэл гаргахад хугацааны хязгаарлалт байхгүй.

- Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаар хуулийн төсөлд хэрхэн туссан бэ? Төслийн уг зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

- Эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татах тухай заалт байсан бол төсөлд үүн дээр нэмээд Цэцийн гишүүн хууль зөрчсөн тохиолдолд түүнийг эгүүлэн татахаар өргөжүүлэн заасан. Төсөлд мөн энэхүү ажиллагаа хэрхэн ямар журмаар хэрэгжихийг тусгасан байна.

УИХ нь Чуулганы хуралдааны дэгд заасны дагуу энэ талаарх саналаа Цэцэд хүргүүлж эгүүлэн татах эсэх асуудлыг Цэцийн нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар, гуравны хоёрын саналаар шийдвэрлэхээр орсон. Энэ талаар мөн анх илгээсэн байгууллагын саналыг авч асуудлыг УИХ дээр Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхээр орсон байна. Энэ бүх процесс улс болгонд өөрийн гэсэн онцлог, зүй тогтолтой хэрэгждэг. Манайд ч эгүүлэн татах эсэх асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэх хүрээнд процессжуулж оруулахыг зорьсон гэж ойлгож байна.

- Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай хэвлэлээр заримдаа бичигддэг. Гэтэл, энэ тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр Цэцийн гишүүний халдашгүй байдал саад болдог гэж ярьдаг. Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой юу? Энэ талаас төсөлд хэрхэн туссан бэ? Төслийн зохицуулалт Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ гэж зарим хүн ярьсантай та санал нэг үү?

- Цэцийн гишүүн хууль бусад хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар хэвлэлд бичигдэж байсан. Харин гэмт хэрэгт холбогдсон бол мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ. Цэцийн нийт гишүүн хуралдаад асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. Энэ заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд ч мөн байгаа. Төслөөр энэхүү заалтыг хэрэгжүүлэх журмын арай дэлгэрэнгүй болгожээ гэж харсан.     

- Цэцийн гишүүн Цэцэд ирүүлсэн хүсэлт, мэдээлэл, өргөдлийг дангаар хянан Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх талаар тогтоол гаргадаг зохицуулалтыг хасаж, уг чиг үүргийг Ерөнхий бүртгэгч гэж Цэцийн нэг ажилтанд өгсөн нь ухралт гэж ярьжээ. Тийм ухралтын шинжтэй зохицуулалт туссан юм уу? Хуулийн төслийн дагуу Ерөнхий бүртгэгчийн чиг үүрэг юу вэ? Энэ талаарх гадаад улсын сайн туршлагаас та хуваалцана уу?

- Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан эсэх, Цэцэд хандах хугацааны дотор хандсан эсэх, өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тусгах шаардлагатай хуульд заасан мэдээллийг тусгасан эсэхийг Ерөнхий бүртгэгч хянаж буцаах эсхүл бага суудлын бүрэлдэхүүнд гардуулахаар төсөлд туссан. Ерөнхий бүртгэгчийн ажил нь нэг ёсны захиргааны ажил юм. Мөн Ерөнхий бүртгэгчийн хариуг эс зөвшөөрвөл Цэцэд дахин хандаж болохоор төсөлд оруулжээ.

Харин өргөдөл, мэдээлэл, хүсэлт хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд Цэцэд маргаан үүсгэх эсэхийг өмнө нэг гишүүн дангаараа шийдвэрлэдэг байсан бол төсөлд Бага суудал буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг болж байгаа нь асуудалд илүү ул суурьтай хандах боломж олгож байгаа юм.

Ер нь үндсэн хуулийн шүүхтэй улсуудад тус шүүхүүд нь маргаан үүсгэх эсэх асуудлыг ямагт бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл, нэг гишүүний саналаар шийдвэрлэдэггүй гэдэг нь хараат бус байдлыг хамгаалах нэг нөхцөл гэж үздэг нь харагдсан. Энэ нь мөн өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргаж буй этгээд болон хариуцагчийн эрх ашигт ч илүү нийцэх учиртай.            

 

Эх. сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс