Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын 1-нээс халамжийн тэтгэвэр 375,000, асаргааны тэтгэмж 302,500 төгрөг болж, нэмэгдэнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375,000, асаргааны тэтгэмжийг сард 302,500 төгрөг болгож, нэмэх шийдвэр гарчээ.

Одоо олгож буй нийгмийн халамжийн тэтгэвэр 325,000, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний болон асаргааны тэтгэмж 275,000 төгрөг байгаа билээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг.  

Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна. Эдгээр иргэн ирэх сарын 1-нээс сард 302,500 төгрөг авдаг болно.